Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтангэрэл: Аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Эрүүгийн хуульд орох гэж буй өөрчлөлтийн талаар мэдээллээ.

АН-ын дэд дарга О.Алтангэрэл "АН-ын бүлгийн хуралдаанд сэтгүүлчийн болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотойгоор хоёр санал оруулж хэлэлцүүллээ.

2017 оноос гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж шийдвэрлэж байгаад 2020 оноос худал мэдээлэл тараах гэсэн нэр томъёоны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Олон жил хэвлэл мэдээлэл болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихдаа эрүүгийн, иргэний хуулиар шийдэхийг яриад байснаас хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулах асуудлыг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

2002 оны иргэний хуулиар нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой заалтууд шинэчлэгдээгүй. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг. Хуучин Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн агуулгуудыг хольсон, дураараа тайлбарладаг байдалтай байна.

2016 онд НҮБ-аас энэ төрлийн гэмт хэргийг халах зөвлөмж өгч, УИХ хүлээж авсан. Харамсалтай нь үүнээсээ ухарсан. Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 280 орноос 90-д байсан орон өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.

Ийм учраас энэ хуулийн зохицуулалтуудад хуульч, судлаачид, сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал орууллаа.

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн тоо байна. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн дотор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг зүйлүүд байдаг.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна.

Энэ зүйл заалт буюу 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заачхаж байна.

Монгол Улсад ЦЕГ, АТГ, ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн.

21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэг олон төрлийн нотлох баримт цуглуулдаг. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна. Үүнийг анхаарах ёстой гээд санал оруулсан юм" хэмээн ярилаа.