2023 оны есдүгээр сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд төрийн өмчит бүх сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичгүүдийг сургууль бүрд нь тээвэрлэн хүргэж өгнө. Энэ жил 4.4 тэрбум төгрөгөөр 1.4 сая ширхэг сурах бичиг хэвлүүлсэн хэмээн Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэл өгч байсан юм.
Харин энэхүү ажил хэрэгжиж сурах бичиг сургуулиудад хүрсэн эсэхийг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбатаас тодрууллаа.
-Улсын хэмжээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийнхны сурах бичиг түгээгдэж дууссан уу, энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ, сурах бичиг нь хүргэгдээгүй сургууль бий юу?
-Бага ангийн сурагчдын номыг есдүгээр сарын 1-6-нд хүргэсэн. 6-12 дугаар ангийн сурах бичгийн хүргэлт есдүгээр сарын 18-наас эхэлсэн юм.
Сурах бичгийн тээвэрлэлтийн тендерт гомдол гараад нийлүүлэлт бага зэрэг хойшлогдсон.
Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурах бичгийн түгээлт дууссан гэсэн мэдээллийг тээвэрлэлт хийсэн компаниас бидэнд өгөөд байна. Өөрөөр хэлбэл сурах бичгүүдийг сургууль бүрд өнгөрсөн долоо хоногт аваачиж өгч дууссан болохыг мэдэгдсэн.
Улсын хэмжээнд энэ жил давхардсан тоогоор 800 орчим сургуульд 1,475,800 ширхэг сурах бичгийг хүргэсэн байна. Бага ангийн 659,000, дунд, ахлах ангийн 816,800 сурах бичгийг хүргэсэн.
Ганц нэг сургууль дээр 1-2 ширхэг сурах бичиг дутах асуудал гарсан.
Аравдугаар сарын 10-наас хойш дүүрэг бүрээс сурах бичиг бүрэн очсон эсэхийг дүүргийн мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, нягталж байна. Сурах бичиг хуваарилсан тохиолдолд сургууль дээр нь очоогүй гэсэн мэдээлэл манай байгууллагад ирээгүй. Сурах бичгийн хуваарилалтыг аймаг, дүүргийн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд сургуулиудаас өгсөн захиалгын дагуу хуваарилж байгаа юм.
- ЕБС-ийн сурагчдад сурах бичгийг ямар журмаар түрээслүүлдэг бол?
-2023 оны есдүгээр сарын 26-нд түрээсийн сурах бичгийн төлбөрийг шинэчлэх БШУ-ны сайдын тушаал гарсан. 2019 онд анх түрээсийн сурах бичиг гарч байсан. Үүнээс хойш инфляц зэргээс шалтгаалан 20,000-29,800 төгрөг болгож, нэмэх тушаал гарсан. Энэ нь 2023 оны шинэ сурах бичгийг түрээслэхэд хамаарна. Шинэ ном нь арай үнэтэй гэсэн үг.
Есдүгээр сарын 1-нээс 2022 оны сурах бичгийг хуучин үнээр нь түрээсэлж байгаа.
ЕБС-ийн ахлах, дунд ангийн түрээсийн сурах бичгийн мөнгө нь Түрээсийн эргэлтийн санд ордог. Уг санд орсон мөнгөөр буцаагаад сурах бичиг хэвлэдэг юм. Түрээсийн сурах бичгийг 2.5 тэрбум төгрөгөөр хэвлэсэн байхад 1.2 тэрбум төгрөгийг олдог тооцоолол гарсан байдаг.
Хуулийн дагуу 1-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг улсын төсвийн мөнгөөр хэвлэдэг.
Боловсролын тухай хуульд дунд, ахлах ангийн сурах бичгийг худалдана гэсэн заалтыг оруулсан. Энэ дагуу сурах бичиг худалдах тендерийн сонгон шалгаруулалт хийж, "Эй Плас Интернейшнл" ХХК-тай гэрээ хийгээд байна. Хоёрдугаар улирлын эхэн үе гэхэд хүүхдүүд өөрт хэрэгтэй сурах бичгээ онлайнаар захиалаад номоо хүргүүлээд авч болно. Ингэснээр гадуур худалдааны газруудаас буюу гар дээрээс сурах бичиг худалдахгүй болж байгаа юм.
-Тэгэхээр дунд, ахлах ангийг сурах бичиг худалдан авах бол хэдэн төгрөгөөр, хэрхэн захиалж авах вэ?
Энэ жилээс сурах бичигт хүргэлтийн системийн нэвтрүүлж, эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид дунд, ахлах ангийн хүүхэддээ сурах бичиг багцаар нт худалдаж авъя гэвэл aplus.mn хаягаар захиалж болно. Гэхдээ хоёрдугаар улирлын эхэн үеэс захиалга эхэлнэ гэж төлөвлөж байна. Сурах бичгийн үнийг ложистикийн компанитай БЕГ харилцан тохиролцож тогтоосон. Хүүхдэд очих сурах бичгийн дээд үнэ ширхэг нь 9,800 төгрөг байна.
Ахлах, дунд ангийн 2023 оны сурах бичгийг багцаар нь худалдаж авах үнэ:
6 дугаар анги 59,400 төгрөг /12нэрийн сурах бичиг/
7 дугаар анги 81,600 төгрөг /16 нэрийн сурах бичиг/
8 дугаар анги 94,500 төгрөг /8 нэрийн сурах бичиг. Цөөн хэрнээ хамгийн үнэтэй байгаа нь агуулга их, зузаан номууд хэмээн тайлбарлав/
9 дүгээр анги 88,000 төгрөг /16 нэрийн сурах бичиг/
10 дугаар анги 83,100 төгрөг /14 нэрийн сурах бичиг/
11 дүгээр анги 96,100 төгрөг /15 нэрийн сурах бичиг/
12 дугаар анги 63,400 төгрөг /9 нэрийн сурах бичиг/
Сурах бичгийг сургуульд нь хүргэнэ, гэрт хүргэхгүй. Захиалснаас хойш тав хоногийн хугацаанд хүргэхээр гэрээнд тусгасан байгаа.
Гэхдээ захиалсан сурах бичгийг хэвлэхэд хугацаа орох учир хүлээх байдал гарна гэдгийг хэлэх нь зүйтэй. Төрөөс Эй Плас Интернейшнл ХХК өөрсдийн мөнгөөр сурах бичгийг хэвлэлийн компаниар хэвлүүлээд, түгээх ажлыг хариуцах эрхийг өгсөн.
Тус компани сурах бичгийг хүүхдүүдээс буцааж худалдан аваад дараагийн ангид хэрэглүүлэх АНУ-ын туршлагыг нэвтрүүлэхээр гэрээнд тусгасан байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!