Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байгаа. 

Түүний саналыг 24 цагийн дотор 40,000 гаруй иргэн дэмжээд байна. 30 хоногийн дотор дэмжигчийн тоо 100,000-д хүрвэл хууль санаачлах боломж нээгдэнэ. 

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь бодит боломж бий эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр "Ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мэргэжлийн яамнаас санал асууж, судалгаа авах бол бид бэлэн. Хамгийн их судалгаа шинжилгээ нь Сангийн яаманд бий.

НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90% хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.  

Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй" гэлээ.

Түүнчлэн НӨАТ төлөгчдийн 10% нь нийт орлогын 60%-ийг бүрдүүлдэг байна. Өндөр хэрэглээтэй хүмүүс илүү их татвар төлж байгаа юм. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт тэр хэрээр мөнгө очно гэсэн үг. Харин төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй гэдгийг сайд Б.Жавхлан хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "НӨАТ бол албан татвар. Буцаан авах хүлээлтгүйгээр төлж буй татварыг албан татвар гэдэг. 2% гэдэг нь буцаан олголт биш урамшууллын систем. Жишээлбэл та нэг найздаа баримтаа өгөөд нөгөө хүн нь бүртгүүлбэл төлөөгүй татварынхаа төлөө урамшуулал авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл далд байгаа эдийн засгийг ил болгон бүртгүүлснийхээ төлөө иргэн авч буй урамшуулал. Сугалаа ч мөн адил. Аль болох олон баримт бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгож байгаагийнхаа төлөө сугалаанд оролцох эрх авч байгаа юм. Урамшууллыг НӨАТ төлөгчдийн төлсөн мөнгөөр биш, төсвөөс олгодог" хэмээн тайлбарлалаа.