Монгол улсын агаар, орчны чанарын өнөөгийн байдал хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр боллоо.
Энэ үеэр ПИН ОУ-ын төсөл хөтөлбөр хариуцсан захирал Д.Амаржаргал Агаарын бохирдлыг бууруулахад өрхийн түвшинд хувь нэмэр оруулах боломжийн тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дотоод орчны агаарын чанарт гэр хорооллын айл өрхүүд нөлөөлөх боломжтой. Агаарын бохирдолтой холбоотой төсөл дээр ажиллаж байхдаа гэр хорооллын айл өрхүүдийн угаарын хий, нарийн ширхэг тоосонцрын үзүүлэлтийг ажигласан. Гэртээ агаар цэвэршүүлэгч ашигласан айлын нарийн ширхэг тоосонцрын долоо хоногийн үзүүлэлт нь бага байсан.
Тэгэхээр агаар цэвэршүүлэгч ашиглана гэдэг нь нарийн ширхэгтэй тоосонцрыг шүүж, гэрийн дотоод орчны агаарыг шүүдэг гэдгийг харуулж байгаа. Агаарын чанарыг сайжруулснаар хүүхдийн сурах чадварт нөлөө үзүүлэх боломжтой.
Гэртээ гал түлнэ гэдэг нь нарийн ширхэг тоосонцор, хүхэрлэг хий, угаарын дан исэл, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байдаг. Тиймээс гэртээ гал түлхээ болих, цахилгаан халаагуур хэрэглэх гэсэн аргууд гэр хорооллын айл өрхүүдийн хэмжээнд үр дүнтэй юм.
"Цэвэр агаар таны оролцоо" төсөлд 70 гаруй хүүхдийг хамруулж байсан. Үүнээс 30 хувьд нь сэтгэл зүйн ямар нэгэн эрсдэл байгаа гэсэн үр дүн гарсан. Судалгаанд цөөн тооны хүүхэд хамруулсан нь бодит байдлыг бүрэн тодорхойлохгүй боловч гэр хороололд амьдарч буй хүүхдүүдэд өндөр эрсдэл байгааг нотолсон.
Тиймээс зуухыг нь цахилгаан халаагуураар орлуулж, дотор орчныг нь сайжруулж эцэг эхчүүдийг сургалтад хамруулаад жилийн дараа 70 хүүхдээсээ дахин судалгаа авсан. Ингэхэд хоцрогдолтой гэсэн 21 хүүхдийн 60 хувь нь сайжирсан. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах нь хүүхдийн хөгжилд маш чухал үзүүлдгийг харуулж байгаа юм" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!