БНХАУ-ын Иргэнийн нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд “ATM/CNS зохицуулах хурал”-ыг энэ сард БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулжээ.
Тус хурлаар Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийн платформ, шинэ агаарын хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, хөрш нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын хамтран ажиллах гэрээг дүгнэх, гэрээг шинэчлэн батлах, өгөгдөл мэдээлэл дамжуулах AMHS, CRV сүлжээний бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлуудыг талууд хэлэлцсэн байна.
Тухайлбал Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, гарч буй хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, харилцан тохиролцжээ.
Энэ удаагийн хурлын үеэр Монгол Улс, БНХАУ-ын агаарын зайд үйлдэгдэж буй олон улсын нислэгүүдэд агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй үзүүлэхэд шаардлагатай техник, технологийн шийдлүүдийг харилцан тохиролцож, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үзүүлэх, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын агаарын зайн ашиглалтыг сайжруулах, шинэ агаарын хаалгыг нээх асуудлыг эрчимжүүлэх талаар тохиролцсон. Энэ нь хоёр улсын агаарын навигацийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд дүгнэсэн байна.
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!