Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургуулийн оюутнууд энэ жил нэг кредитийн төлбөрт 67-163 мянган төгрөг төлнө

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хэмжээнд их дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагчдын тоо 2022 оны байдлаар 115 мянга байгаа бөгөөд энэ хичээлийн жилд гуч орчим мянган шинэ элсэгч суралцах төлөвтэй байна. 

Боловсролын ерөнхий хууль шинэчлэгдсэнээр дээд боловсролын тухай хуульд ч нэмэлт өөрчлөлт орсон. Тус хуулийн 27.1.4-т сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох гэж заасан байна. Тэгвэл зарим их дээд сургуулийн удирдах зөвлөл сургалтын төлбөрөө нэмж шинэчилж баталсан эсэхийг тодрууллаа. 

График1, Төрийн өмчийн их, дээд сургуулийн нэг кредитийн дундаж төлбөр


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны, Үндэсний Их Сургууль (АШУҮС)-ийн нэг кредитийн төлбөр хөтөлбөрөөсөө хамаараад харилцан адилгүй байна.

Тухайлбал их эмч, эм зүйч, уламжлалт анагаах ухаан тэргүүтэй ангиуд хамгийн өндөр төлбөртэй буюу нэг кредит нь 130 мянга. Харин дүрс оношилгоо, техникч зэрэг ангийнх хамгийн бага буюу нэг кредитийн төлбөр нь 67 мянган төгрөг байх нь. Тэгэхээр судлах кредит цагийг нь тооцож үзвэл нэг оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр нь дунджаар дөрвөн сая төгрөг болохоор байна. 


Монгол улсын их сургууль

Монгол Улсын Их Сургууль ч мөн адил салбар сургуулиасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй байдаг.

Шинжлэх ухаан болон хэрэглээний шинжлэх ухааны салбарын хөтөлбөрүүдийн нэг кредит нь 119-123 мянган төгрөг байна. Харин Хууль зүй, Олон улсын харилцаа болон Бизнесийн сургуулийн нэг кредитийн төлбөр 123-142 мянгын хооронд байгаа аж.

зураг
 
муис төлбөр

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг аваад үзэхэд элссэн оноосоо хамаараад суралцагчид ялгаатай төлбөр төлдөг байна.

Энэ жилийн хувьд хэрэв тухайн суралцагч 2019-2020, 2020-2021, 2021-2022 онуудад элсэн суралцсан бол салбар сургуулиасаа хамаараад нэг кредитийн төлбөрт 97-111 мянган төгрөгийг төлнө.

2022-2023 онд элссэн бол нэг кредитэд 128-146 мянгыг төлөхөөр байна. Харин шинэ элсэгчид 137-157 мянгын хооронд төлбөрөө төлөхөөр болжээ. Дээрхээс харахад ижил хөтөлбөрт зөвхөн элссэн жилээсээ шалтгаалаад энэ оны элсэгчид өмнөх онуудын элсэгчдээс 45 мянга орчим төгрөг буюу 30%-аар өндөр төлбөр төлж байна.

зураг
 
шутис төлбөр

Гэвч өмнөх хичээлийн жилийн төлбөрийн зохицуулалтыг харахад 2018-2019 онд элссэн суралцагчид хөтөлбөрөөсөө хамаараад 83-100 мянгын хооронд, 2019-2022 оны элсэгчид 91-105 мянга, 2022-2023 онд элсэн суралцагчид 120-138 мянган төгрөгийг төлөн суралцжээ. Үүнээс авч үзэхэд ШУТИС-ийн удирдах зөвлөл суралцагчдын элссэн оноос хамаараад төлбөрөө жил бүр ойролцоогоор 20 мянган төгрөгөөр нэмдэг байна.

График2, 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн суралцагчдын төлбөрийн ялгаа


Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төлбөр бусад сургуультай харьцуулахад өндөр төлбөртэйд ордог байна. Мал аж ахуй биотехнологи болон инженер технологийн сургуулийн нэг кредит 102-148 мянгын хооронд байгаа аж. Харин агроэкологийн сургууль болон эдийн засаг бизнесийн сургуулийн нэг кредитийн төлбөр 133-163 мянган төгрөг байна.


монгол улсын боловсролын их сургууль

 Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн төлбөр өмнөх жил нэг кредитийн дундаж төлбөр 95 мянга байсан бол энэ хичээлийн жилд дунджаар 103 мянган төгрөг болжээ.