Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Зочдын хоол унд, хөдөө орон нутагт аваачих онгоцны хөлс зэрэгт хувийн компани дэмжлэг үзүүлж байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд сошиал хуудаснаа олон сая дагагчтай есөн орны 13 нөлөөлөгч нар манай улсад долоо хоногийн хугацаатай ирээд байгаа билээ. 

Тэд энэ хугацаандаа манай орноор аялж, Монголын тухай контент хийж байгаа юм. Тэгвэл эдгээр зочдод зарцуулж буй мөнгө хэдий хэмжээнийх болох хаанаас гарч байгаа зэрэг асуултыг иргэд тавиад буй. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад "Монголд зочлох жил" арга хэмжээний төсөв улсын төсөв дээр батлагдсан байгаа. Тухайн төсвөөс л зарцуулалт хийгдээд явж байна. Түүн дээр нэмээд хувийн компаниудын дэмжлэг ч байгаа.

Өмнө нь ирсэн Солонгосын цахим нөлөөлөгч нарыг хувийн аялал жуулчлалын компаниас урьж бүх зардлыг нь даасан. Одоо ирээд буй цахим нөлөөлөгч нарын хувьд бодлогын хүрээнд буюу тухайн нөлөөлөгчийг хэр их хүн дагаж байна, очсон орон болгондоо ямар нөлөөлөл үзүүлсэн зэрэг судалгааны үр дүнд зорьж авчирсан.

"Зочдын интернэт дэх дагагч нийлээд 300 сая. Манай улсыг хэр их хүмүүст сурталчилж байгаа нь хамгийн чухал зүйл" 

Бидний хувьд тухайн хүмүүсийн онгоцны зардал, буудал зэргийн мөнгийг даах нь зүй ёсны асуудал. Харин цааш зарцуулагдах зардал болох хоол унд, нөлөөллийн арга хэмжээ, хөдөө орон нутагт аваачих онгоцны хөлс, түлш зэрэг олон зардлуудад хувийн компани дэмжлэг үзүүлж ажилласан. Түүнээс улсын төсвөөс дураараа зарцуулж байгаа зүйл байхгүй.

Бид төсөвтөө уягдаж л ажиллаж байна. Гэтэл гадуур бидний жилийн төсвөөс ч давсан хэмжээний мөнгө буюу долоон тэрбум төгрөг зарцуулсан гэх яриа гараад байгаа нь худлаа. 

Эдгээр зочны интернэт дэх дагагч нар нийлээд 300 сая. Иймд тус хүмүүс манай улсыг хэр их хүмүүст сурталчлах түүнээс гарах үр дүн нь хамгийн чухал зүйл" гэв. 

Зочид Монголд ирээд хаагуур явах, ямар ажил хийх зэрэг бүх хөтөлбөрийг Соёлын яам гаргаж ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс тухайн цахим нөлөөлөгч нарыг монголд авчрах уу, ямар үр нөлөөтэй байх, хэдий хэмжээний зардал гарах зэрэг судалгааг хийж бодлогын түвшинд шийдвэр гарган ажиллажээ. Харин Монголд ирээд хаагуур явах, ямар ажил хийх зэрэг бүх хөтөлбөрийг нь Соёлын яам гаргаж ажиллаж байгаа юм байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо дэлхийн 10 гаруй оронд зохион байгуулагдсан “Nassummit-2023” арга хэмжээ болж өнгөрсөн. Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад тус арга хэмжээний зөвхөн зохион байгуулалтыг хариуцаж ажилласан бөгөөд яамны төсвөөс мөнгө гаргаагүй хэмээв.

Түүнчлэн гадаадаас хүмүүс уригдаж ирэх сургаар хувийн компаниуд яамтай холбогддог бөгөөд Соёлын яамны зүгээс зөвхөн хооронд нь холбож өгөх ажлыг хийдэг байна.