ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Voyager 2 хөлөгтэй холбоогоо бүрэн сэргээж чадсанаа NASA мэдээллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1977 онд дэлхийгээс хөөрсөн цагаасаа хойш сансрын уудмын гүн рүү аялж яваа Voyager 2 хөлөгтэй холбоогоо бүрэн сэргээж чадсанаа АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр мэргэжилтнүүд нь алдаатай команд илгээсний улмаас уг хөлөгтэй холбоо тасраад байсан юм.

Ямартай ч Voyager 2 хөлөг хэвийн ажиллаж байгааг батлах “зүрхний цохилт”-ыг дэлхий дээрх болон тойрог зам дахь олон улсын телескопуудын тусламжтай бүртгэж чадсанаа NASA хэд хоногийн өмнө мэдээлж байв.

Аравдугаар сард төлөвлөгдсөн хөлөг өөрийгөө тохируулах автомат үйлдлийн дараа л дэлхийг чиглэсэн антен зөв байрлалд шилжиж, харилцах боломжтой болно гэсэн хүлээлттэй байлаа.

Тэгвэл NASA энэ хугацааг хүлээлгүйгээр Voyager 2 хөлөгтэй холбоогоо бүрэн сэргээж чаджээ.

Тус байгууллага антены чиглэлийг тохируулах хамгийн таатай цаг үеэр хамгийн хүчтэй дамжуулагчаа ашиглан команд илгээсэн нь амжилттай болсон байна.

Дэлхийгээс 20 орчим тэрбум километрийн алсад аялж яваа Voyager 2 хөлөгт команд хүрэхэд 37 цаг зарцуулжээ.

Хөлөг жил бүр хэдэн удаа антенаа дэлхий рүү чиглэж буй эсэхийг баталгаажуулах автомат үйлдэл гүйцэтгэхээр программчлагдсан байдаг гэнэ.

Ийм ээлжит үйлдэл нь аравдугаар сарын 15-нд тохируулагдсан байжээ.

Voyager 1 ба Voyager 2 нь нарны аймгийн хилээс гарч, од хоорондын орон зайд хүрч чадсан хоёрхон сансрын хөлөг юм.

Voyager 1 нь 2012 онд, Voyager 2 нь 2018 онд од хоорондын орон зайд шилжиж байв.

Voyager 1 хөлөг одоо дэлхийгээс 24 тэрбум километрийн алсад аялж яваа нь хүн төрөлхтний бүтээсэн техник хамгийн хол зайд хүрсэн дээд амжилт юм.

2025 оны хавьцаа хоёр хөлгийн эрчим хүчний нөөц дууссанаар дэлхийтэй холбоо тасарч, цааш Сүүн замын галактикт хязгааргүй аяллаа үргэлжлүүлнэ.

Хоёр хөлөгт манай соёл иргэншлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дискнүүд хадгалагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Voyager хөлгүүд хэзээ нэг цагт харь гарагийнхан дискнүүдийг олж, мэдээллийг нь тайлж уншина гэсэн хүн төрөлхтний итгэл найдварыг тээн аялж байна.

 

Эх сурвалж: BBC