Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр бүхий компани АНУ, Солонгос, Австрали улс руу гэр бүлийн, аялал, сургалтын виз гаргаж өгнө гээд 600-800 хүн залилсан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Visa Consulting" ХХК-ийн цахим залиланд хохирсон гэх иргэд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Эдгээр иргэний төлөөлөл "Visa Consulting ХХК-ийн үйл ажиллагаанаас болж 600-800 хүн хохирсон.  Энэ компанийн захирал Г.Болорчимэг, Л.Эгшиглэн нар АНУ, Солонгос, Австрали улс руу гэр бүлийн, аяллын, амралт, сургалтын виз гаргаж өгнө хэмээн хүмүүсээс их хэмжээний мөнгө авч, олон жил залилангаар үйл ажиллагаа явуулж байгаа.  

Цагдаа дээр Л.Эгшиглэн гэх хүнийг байцааж байгаа атал Г.Болорчимэгийг дуудаагүй. Тэд нар дахиад нэг визийн компани байгуулаад олон хүнийг хохироож байна. Энд ирж хэлэхгүй байгаа болохоос 21 аймагт хохирсон олон хүн байгаа. Бүгд байр машинаа зараад, хүнээс мөнгө зээлээд "Visa Consulting" ХХК-д залилуулсан" хэмээн ярив. 

"Жишээлбэл хоёр том хүн, нэг хүүхдээс тийзийн 18 сая, жуулчлалын 5 сая, виз мэдүүлгийн нэг сая гээд нийт 24 сая төгрөг аваад байхгүй"

Харин өөр нэг хохирсон гэх иргэн жуулчлалаар дамжуулж хэрхэн залилдаг талаар "Тус компани жуулчлалын төлбөрт таван сая төгрөг авдаг. Хамгийн гол нь ямар нэгэн визийн захиалга өгөөгүй байж онгоцны тийзийн төлбөрийг урьдчилж авдаг. Та урьдчилаад онгоцны тасалбараа захиалчихвал хурдан бүтнэ гэж хэлдэг. Жишээлбэл хоёр том хүн, нэг хүүхдээс тийзийн 18 сая, жуулчлалын 5 сая, виз мэдүүлгийн нэг сая гээд нийт 24 сая төгрөг аваад байхгүй. 

Бид цагдаагийн байгууллагад хандсан. Л.Эгшиглэн гэх нөхөр н.Оргил байцаагчид өдөр бүр цагаа бүртгүүлчхээд дураараа явж байна. Бидний зарим нь нууцаар ажиглахад н.Оргил байцаагч Л.Эгшиглэнтэй хоол иддэг. Ажилчид руу нь залгахаар ажлаасаа гарсан, надад хамаагүй гээд утсаа тасалдаг. Ажилчид нь хувь данс руугаа мөнгө татаж авсан тохиолдол ч байгаа" гэж тайлбарлав. 

"Анх очиход маш найрсгаар үйлчилж, итгэл төрүүлж ятган үнэмшүүлдэг"

Мөн анх зар харж холбогдоход яаж залилсан талаар хохирсон гэх иргэн "Visa Consulting ХХК-ийн ажилчид нь хүмүүсийн тархи угааж мөнгө авдаг. Одоо хүртэл 96 мянган дагагчтай цахим хуудас нь идэвхтэй ажиллаж байна. Цахим хуудсанд нь тавигдсан ямар нэгэн мэдээллийг шууд устгадаг. Олон хүн хохироосон атал ах дүү хамаатан саднаараа тансаг байшин, үнэтэй машин унаад явдаг. Энэ бүхнийг залилангийн мөнгөөр авсан хэмээн иргэн хүний хувьд хардаж байна. 

Анх очиход маш найрсгаар үйлчилж, итгэл төрүүлж ятган үнэмшүүлдэг. Бүх зүйлийг шат дараатай сайхан тайлбарлаж өгдөг. Ерөнхийдөө хэлж байгаа бүх зүйл нь худлаа байсан. Цагдаагийн байгууллагын зүгээс та нар хохирлоо бүрэн барагдуулж авч чадахгүй. Залилангийн хэргүүд бүрэн төлбөрөө өгсөн тохиолдол байхгүй гэсэн.

Л.Эгшиглэн руу ярихаар одоохон таны мөнгийг шилжүүллээ гэдэг. Нэг хүний мөнгийг залилж аваад нөгөөгийнх мөнгийг өгдөг юм шиг. Мөнгө нэхэхдээ хурдан ч өгөхдөө утсаа авдаггүй.

Бид хэтэрхий итгэмтгий хүмүүс юм байна. Австралийн Элчин сайдын яаманд очиж уулзахад таны мэдээлэл байхгүй гэж хэлсэн. Байрны лизинг цуцалсан, ажлаасаа гарсан, гэр бүл салсан гэх мэт янз бүрийн тохиолдол олон байдаг. Хүмүүсийн амьдралаар тоглож байгаа нь үнэхээр харамсалтай" хэмээн ярилаа. 

ФОТО: