Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төсөл боловсруулсан. Регистрийн дугаар хасагдана"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.

Иргэдээс тавдугаар сарын 9-нөөс эхлэн 30 хоногийн хугацаанд санал авах аж. 

Жолоочийн үнэмлэхийн загварыг яагаад шинэчлэх болсон талаар ХЗДХЯ-наас тодруулахад "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс жолоочийн үнэмлэх дээрээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасаж, жолоочийн үнэмлэхэд тусгах мэдээлэл, үнэмлэхийн өнгийн код зэргийг нэмэлтээр оруулахаар боловсруулсан.

Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах шаардлага үүсдэг. Энэ тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг манай улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцын 6 дугаар хавсралтын 12 дугаар заалтад заасан “Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу томъёолсон хэлбэр бүхий хязгаарлалт” гэсэн шаардлагад бүрэн нийцүүлэх гэх үндэслэлээр өөрийн улсын жолоочийн үнэмлэхээр солихгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа зэргээс шалтгаалан Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төсөл боловсруулаад байна.

Төсөл батлагдсанаар Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудаас тавьсан шаардлагыг хангаж, Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр шууд солиулах болон хүний хувийн мэдээллийг хамгаалах боломж бүрдэнэ" хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийн танилцуулгад дурдсанаар, жолоочийн үнэмлэхийн дэвсгэр нь мөнгөлөг саарал өнгөтэй, хэвлэлийн СМУК өнгөний #СССВСВ (С=31, М=24, У=25, К=0) кодтой, төвөөс цацарсан хэлбэртэй, усан хээтэй байна.

Нүүрэн талын голд “Бадамлянхуа цэцэг”-ийн суурин дээр “Төрийн соёмбо”, ар талын гол хэсэгт “Монгол Улс, Mongolia” гэсэн бичвэрийг Монгол Улсын газрын зурагт байршуулан, нүүрэн талын дээд, баруун талын арын хэсгийн дээд талд “ Жолоочийн үнэмлэх” гэсэн Монгол, Англи, уйгуржин монгол бичиглэлтэй байх юм байна.

Жолоочийн үнэмлэхийн зүүн дээд өнцөгт Монгол Улсын “Төрийн далбаа”, баруун дээд өнцөгт цэнхэр өнгийн дүрсэн дотор “MGL” гэсэн ялгах тэмдэг, ар талын баруун хэсэгт жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээллийн тайлбарыг Англи, Монгол хэлээр бичиж нүүрэн талд олон улсын QR code ашиглан цахим хэлбэрээр шалгах хаягийг бичнэ.

Нүүрэн талд хэт ягаан туяаны тусгалд тодрох олон улсын шаардлагад нийцсэн холограммын нууцлалтай байх нь.

зураг
 

Жолоочийн шинэ үнэмлэх дээр бичигдэх мэдээллүүд:

  1. Эцэг (эх)-ийн нэр
  2. Өөрийн нэр
  3. Төрсөн огноо
  4. Үнэмлэх олгосон огноо
  5. Үнэмлэхийн хүчинтэй байх огноо
  6. Үнэмлэх олгосон байгууллагын нэр
  7. Үнэмлэхийн дугаар
  8. Эзэмшигчийн зураг
  9. Эзэмшигчийн гарын үсэг
  10. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн ангилал ба дэд ангилал
  11. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо
  12. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу хязгаарлалт зэрэг мэдээллийг Монгол, Англи хэл дээр тайлбарын хамт хэвлэнэ хэмээн дурджээ.

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох аж.

Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхийн загварын мэдээлэл

зураг
 

Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхийн загвар, нууцлалын тухай мэдээлэл нь цаасан хэлбэртэй, манай улсын нэгдэн орсон “Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай” 1968 оны Венийн Конвенцийн дагуу А6 (148x105 mm) форматын хэмжээтэй дэвтэр байна. Мөн гадна тал нь сайжруулсан цаасан дээр бүрэлттэй, алтлаг клишетэй, товгор бичиглэл бүхий хавтастай 7 хуудас, 14 нүүртэй, дотор хэсэгтээ Монгол, Англи, Франц, Орос, Герман, Итали хэл дээр орчуулагдсан, Венийн Конвенцын гишүүн орнуудын жагсаалтыг агуулна.

Олон улсын жолоочийн үнэмлэх дээр хэвлэгдэх мэдээлэл

  1. Үнэмлэхийн эхний нүүрэнд батлагдсан загварын дагуу олон улсын жолоочийн үнэмлэхийн дугаар, хүчинтэй хугацаа, олгосон байгууллага, олгосон огноо, жолоочийн үнэмлэхийн дугаарыг гараар гаргацтай тод бичих ба үнэмлэх олгосон албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулах;
  2. Хоёр болон дөрөв дэх нүүрэнд Монгол болон Англи хэлээр Венийн Конвенцийн хамаарал бүхий заалт, хүчинтэй орны нэрсийн жагсаалт;
  3. Зургаагаас арав дахь нүүрэнд Англи, Франц, Орос, Герман, Итали хэл дээр эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, газар, тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн ангилал, дэд ангиллын тэмдэглэл, хүлээн зөвшөөрсөн улсаас тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой бусад хязгаарлалтын тэмдэглэл;
  4. Арваннэгдүгээр нүүрэнд хүлээн зөвшөөрсөн улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарласан тэмдэглэл;
  5. Арванхоёрдугаар нүүрэнд эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, газар, тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн ангилал, дэд ангиллын тэмдэглэл, эзэмшигчийн зураг, эзэмшигчийн гарын үсэг зэргийг тусгаж, эзэмшигчийн фото зураг дээр цагдаагийн бэлгэдэл (галаграм)-ийг наана.

Уг төсөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой байна.