АНУ-ын Тесла компани Шанхай хотод батарейн үйлдвэр байгуулахаар болжээ
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани Хятадын Шанхай хотод батарейн шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
Тус компани шинэ үйлдвэртээ Megapack нэртэй том хэмжээний эрчим хүчний нөөцлүүр үйлдвэрлэдэг болох юм байна.
Шанхайд бас Теслагийн автомашины үйлдвэр байдаг юм. Өчигдөр Шанхай хотод зочлохдоо Теслагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск шинэ үйлдвэр байгуулах шийдвэрээ зарлаж, гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Шанхай хотын удирдлагууд оролцсон байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ оны гуравдугаар улиралд эхэлж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлэх гэнэ.
Megapack батарей нь 3,600 өрхийн цахилгааны хэрэглээг нэг цагийн турш хангах чадалтай бүтээгдэхүүн юм.
Шинэ үйлдвэр эхэндээ жил бүр 10,000 ширхэг Megapack үйлдвэрлэх ба бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах ажээ.
Энэ нь нэг жилд 40 ГигаВатт/цаг орчим эрчим хүч нөөцлөх батарей үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
