ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дайнд ялахгүй бол Орос улс задрах аюултайг Медведев анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэрвээ Украины дайнд ялахгүй бол улс орон нь задрах аюултайг анхааруулжээ.

Саяхан Киев хотод айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цэргээ Украинаас татахыг Кремлийн эрх баригчдад уриалж байсан юм.

Медведев энэхүү уриалгад дараах байдлаар хариулсан байна.

Лхагва гарагт тэр Телеграм хуудсандаа “Хэрвээ АНУ зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоовол дайн дуусна. Хэрвээ Орос улс цэргийн тусгай ажиллагаагаа ялалтгүйгээр дуусгавал Орос улс цаашид оршин тогтнох боломжгүй болж, олон хэсэгт хуваагдана” гэж бичжээ.

Медведев бас Польшийн нийслэлээс Оросын ард түмэнд хандаж үг хэлсэн Байденыг хатуу үгээр шүүмжилсэн байна.

“Польшоос хэний ч анхаарлыг татахааргүй зүйл ярьж буй энэ хачин өвөө ингэхэд хэн юм бэ? Өөрийнх нь улс оронд хангалттай олон асуудал байхад бусад улсын ард иргэдэд яагаад хандаж байгаа юм бэ?” гэж тэр бичжээ.

Медведев бас дэлхий даяар олон дайн өдөөсөн АНУ-ыг шүүмжилж, ерөнхийлөгч Байденыг “хөгшин зөнөг” хэмээн доромжилсон юм. Энэ удаа тэр бас л цөмийн дайн эхлэхэд ойрхон байгааг анхааруулжээ.

Мягмар гарагт Варшав хотод үг хэлэхдээ Байден дайныг зогсоох боломж Кремлийн удирдагчдад байгааг Оросын ард түмэнд хандаж хэлсэн билээ.

“Ерөнхийлөгч Путин дайныг сонгосон. Энэ дайныг Путин ганц үгээрээ зогсоож чадна” гэж тэр хэлж байжээ.

Гэвч Оросын эрх баригчид дайныг зогсоохыг хүсэхгүй бол Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсоохгүй гэдгээ Өрнөдийн холбоотнууд батлан илэрхийлсээр байна.

Лхагва гарагт болсон өөр сонирхолтой үйл явдлуудын нэг нь Москва болон Оросын өөр хэд хэдэн хотод хуурамч агаарын түгшүүр зарласан хэрэг байв.

Оросын иргэний хамгаалалтын газар үүнийг хакеруудын явуулсан ажиллагаа гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Reuters