ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан математикийн даалгаврын сантай "Eduten" платформыг нэвтрүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтад ашиглах боломж бүрдүүлснээ өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас танилцуулав.

Уг платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200,000 гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай аж. Мөн багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем гэдгийг тус яамнаас онцоллоо.

Үүнийг нэвтрүүлэхээс өмнө туршилт судалгааг явуулах бөгөөд хамрагдах багш, мэргэжилтнүүдийг сургаж байгаа юм байна.

Туршилт-судалгаанд нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдана. Энэхүү ажлын үр дүнд үндэслэн тус платформыг цаашид ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.

Платформыг нэвтрүүлэх ажилд Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн, Боловсролын Үнэлгээний Төв, нийслэлийн Боловсролын Газар, сонгогдсон аймаг дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага, багш нар оролцож байна.

Ташрамд дурдахад, "Eduten" нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртжээ.