Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд үндэсний чуулган өнөөдөр болж байна.
Манай улс "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль"-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж тодорхой ахиц, үр дүн гарсан хэмээн Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэлд онцолжээ.
Түүнчлэн боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал байгааг тодотгож, хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч цаашилбал олон улс оронд хэрэгжүүлдэг “Сургуульд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр”-т анхаарал хандуулах нь нэн тулгамдсан асуудал болоод байгааг цохон тэмдэглэсэн юм.
“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний III хөтөлбөр”-ийг бие даасан, цогц арга хэмжээ байдлаар хэрэгжүүлэх нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ-ны зүгээс анхааран ажиллаж байгаа юм.
ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд онцгойлон сонгон 12 оронд хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачилгад Монгол Улс хамрагдах хүсэлтэй байгаагаа манай улсад айлчилж энэхүү чуулганд оролцож буй ДЭМБ Номхон Далайн Баруун Бүсийн сэтгэцийн эрүүл мэндийн багийн гишүүн Мартин Вандендик ба Сэки Эйчи нарт ЭМЯ-ны зүгээс илэрхийллээ.
Энэхүү санаачилгад нэгдсэнээр сэтгэцийн эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргасан жишиг улс болж чадна гэж үзэж байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүний эрхийг дээдэлсэн ялгаварлан гадуурхалтаас ангид байх дээр удирдлагын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад салбар дундын хамтын ажиллагааг чухал байгааг харуулж байгаа бөгөөд цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог ба чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжид анхаарлаа хандуулах цаг болсон гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.
Иймд өнөөдөр болж буй үндэсний чуулганаараа тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, цаашид хэрхэн хөгжих хөгжлийн бодлогоо хамтдаа тодорхойлох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!