Морьт харвааны "Хийморь" тэмцээнийг зохион байгуулах талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
"Хийморь" наадам Чингис хаан хүрээ аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт, шонхор шувуу болон морин циркийн үзүүлбэрүүд болно.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг "Жуулчдын сонирхлыг татах зорилгоор "Хийморь" морьт харвааны олон улсын наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн наадамд 8 орны 10 гаруй тамирчин оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Наадмын үеэр шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэрүүд болно. "Хийморь" наадам "Чингис хаан хүрээ" цогцолборт есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд болно.
2023 онд Улаанбаатар хотноо дэлхийн хэмжээний морьт харвааны наадмыг зохион байгуулна".
Монголын морьт харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд "Энэ жилийн морьт харвааны тэмцээнд 6 орны тамирчид, шүүгчид оролцож байна. Уг тэмцээн нь хэдэн залуучууд морь унаад нум сум харвах бус түүхийн олдворуудаас санаа авч шинэ зүйл бүтээх бүтээлч хөдөлмөрийн уул уурхай гэж ойлгож болно.
Ирэх жилээс олон улсын морьт харвааны дэлхийн аваргыг хүлээж авах завшаан тохиосон байгаа. Энэ үеэр 34 орны 100 гаруй тамирчин ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн буй.
Чингис хаан хүрээ аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 10, 11-нд гэр бүлээрээ ирж морьт харвааны тэмцээнийг үзээрэй гэж урьж байна" гэв.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн "Хийморь" тэмцээний ерөнхий шүүгч Амели Рашке/Amelia Raschke/ "Монгол оронд маш их хайртай. Бусад хөгжингүй оронд байгаль орчинг өөрчилсөн байдаг. Харин Монголын байгалийн онгон дагшин байдал биднийг татдаг.
Дэлхийн морьт харваачдын тамирчид нэгэн гэр бүл шиг байдаг юм. Энэ жил "Хийморь" морьт харвааны тэмцээнийг 30 орчим тамирчинтай хийж байгаа ч ирэх жилээс оролцогчдын тоо нэмэгдэнэ" хэмээн ярилаа.
ОХУ-ын морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков "Монголын ард түмэн биднийг халуун дулаанаар хүлээн авч байгаад баяртай байна. Монголын морьт харвааны тамирчид дэлхийн шилдэг тамирчид гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ ОХУ-ын тамирчид бүхий л чадлаараа өрсөлдөж, амжилт гаргах байх гэж найдаж байна".
"Хийморь" тэмцээнд оролцохоор ОХУ-аас таван тамирчин иржээ. Тодруулбал Халимаг улс болон Волгоград зэрэг хотуудаас морин спортын мастерууд ирсэн байна.
АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/ "АНУ-ын нийт иргэдээс гадна уугуул иргэдийн холбоог төлөөлж ирсэн. Монголд АНУ-ын соёлын элчээр ирээд хоёр сар болж байна. Хүмүүсийн хооронд ахан дүүсийн гүүр болж буйдаа таатай байна. "Хан Монгол" төвд морьтны дасгал сургууль хийж, "Эвт сум" морьт харвааны клубийн гишүүн болсон. Монголоос явмааргүй байна" гэв.
Тэрбээр саяхан "Морин өртөө" 1,000 километрийн уралдаанд оролцсон анхны гадаад иргэн болжээ. АНУ-ын уугуул иргэдийн дунд морьт харваа хөгжсөн байдаг байна. Монголд ирээд олон уралдаанд оролцож явахдаа 60-аад морь сэлгэж унажээ. Монгол морьд АНУ-ын "Мустанг" зэрлэг адуутай төстэй ч бэлчээр доройтуулсан юм байхгүйг АНУ-ын засгийн газар ойлгож суралцаасай гэв. Учир нь түүний амьдардаг мужид зэрлэг адууны тоог хязгаарладаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!