Дотоодын цэрэгт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг” өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.15/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдаж, арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, анги байгууллагын дарга, захирагч нар болон алба хаагчдын төлөөлөл, гэр бүлийн гишүүд оролцов.
Цэргийн тангараг өргөсөн дайчдад хандан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлсэн үгэндээ “Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэрэгт татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэж, цэргийн тангараг өргөн, цэргийн алба хаагч болж байгаа дайчдадаа халуун баяр хүргэе.
Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Мөн цэргийн алба хаахын зэрэгцээ цагдаа, цагдаа-жолооч, харуулчин мэргэжил олгох сургалтад хамрагдаж цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” гэв.
Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчид урлагийн болон жагсаалын үзүүлэх тоглолт үзэж сонирхууллаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!