Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны (БШУЯ) удирдлагууд болон бусад холбогдох төлөөллүүд Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа. Энэ үеэр Дарханы Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн (МСҮТ) элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэлийг өгөв.
Тус аймагт гурван МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн мэргэжлийн боловсрол олгох сургалт нь нийт 590, техникийн боловсрол олгох сургалт нийт 140 суралцагчидтай аж. Элсэгчдийн 70-80 хувь нь Дарханаас, үлдсэн хувь нь Сэлэнгэ аймгаас ирж суралцдаг байна.
Цаашид суралцагчдынхаа тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд арьс шир боловсруулалтын технологийн ажилтан, барилгын цахилгаан техникч, мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан зэрэг мэргэжлийн саналыг коллежийн удирдлагууд хэлж байлаа.
Дарханы ЕБС-ийн 1-5 дугаар ангид 9,472 хүүхэд суралцдаг бөгөөд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Иймд МСҮТ-ийн тогоочийн ангийн суралцагчид үдийн хоолонд нийлүүлэх нарийн боов үйлдвэрлэх боломж байгааг мөн онцолсон. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд, ялангуяа залуусыг татахад анхаарч ажиллах чиглэл өгсөн юм.
Эх сурвалж. БШУЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!