Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай, Увс, Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор барих дөрвөн ААН гэрээгээ байгууллаа

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тодруулбал, Аялал жуулчлалын гол чиглэл авто зам дагуух шинээр байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах төслийн тухайд БОАЖЯ, ЗТХ-ийн сайдын хамтарсан  тушаалын дагуу, Аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах байршлын жагсаалтыг баталж, тогтсон байршил дээр аялал жуулчлалын гол чиглэл олон улс, улсын чанартай авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах ААН-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тус ажлыг эхлүүлэх тушаал батлагдсан. Ийнхүү аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд байршлуудын цэгийг нийтэд зарлаж, тавигдах шаардлагын хүрээнд оролцох боломжтой газруудын саналыг хүлээж авсан. Одоогийн байдлаар 18 байршил дээр 20 санал ирсэн. Үүнээс эхний дөрвөн компани хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулж байна” гэдгийг ЗТХЯ, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан арга хэмжээний үеэр онцоллоо. 

Батлагдсан стандарт, зураг төслийн дагуу үйлчилгээний цогцолбор барьж, менежментийг хийх сонирхолтой ААН-үүдийн сонгон шалгаруулалтыг зарласнаас эхний дөрвөн байршилд цогцолбор барих компаниар

  1. Архангай аймгийн Цэнхэр сум: “Заяын өгөөж” ХХК
  2. Увс аймгийн Зүүнхангай сум:  “Драгон” холдинг
  3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум: “Исун мод тур” ХХК
  4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум: “Баян дойт” ХХК тус тус шалгарсан бөгөөд МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх боломжтой болж байна. 

Эдгээр компаниуд өөрийн хөрөнгөөр үйлчилгээний цогцолбор байгуулж, менежментийг хариуцан ажиллах юм.  

200-250 км тутамд тогтоосон байршлуудад стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах тус ажлын хэсэгт МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс багтаж ажилласан аж. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулагдах түр буудаллах цэгүүд нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.

Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолборууд байгуулагдсанаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтойг талууд онцолж байлаа. 

Төслийн хүрээнд 18 аймгийн 35 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулагдах билээ. 

зураг
 
  •  Зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байна. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, 1,000 м2 талбайд байрлана.
  • Тус түр буудаллах цэгт авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, түргэн үйлчилгээний ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаа үйлчилгээтэй байна.
  • Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 28–ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан MNS 5537:2016 дугаар стандартыг авто замын дагуух үйлчилгээний байгууламжийг төлөвлөх, байгуулах, хяналт тавих, үйл ажиллагааг эрхлэхэд зөвлөмж хэлбэрээр сонгон хэрэглэнэ
зураг
 
зураг
 
зураг