Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжлэх ухаан, танин мэдэхүй зэрэг бүх талыг хамарсан бүтээл Edu платформд арвин бий. Оюутан залуус та бүхнийг санд нэгдэхийг уриалж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“ESAN-Үндэсний цахим сан”-д ном, сурах бичиг, сонин сэтгүүл, эрдмийн ажил зэрэг оюуны бүтээл нэг дор төвлөрч, уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байна. Одоогоор тэдний зүгээс 25 их дээд сургууль, 50 гаруй байгууллага, 1,000 гаруй зохиогчтой хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Түүнчлэн 30 мянга гаруй контентыг цахимжуулж ESAN EDU санд байршуулсан байна.

"СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАНГАХАД ЦАХИМ СИСТЕМ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛД ТООЦОГДДОГ"

Зах зээлийн хуулиар хэрэглэгчдийнхээ эрэлтэд нийцсэн үйлчилгээг санал болгохоос гадна байнгын хөгжүүлэлт хийж бүтээлийн сангаа арвижуулж байгаа талаар ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаа хэлсэн юм. Тэрбээр "Техник, технологийн дэвшил өнөөдөр бүх салбарт шаардагдаж байна. Ялангуяа, боловсрол гэдэг бол улс орны эдийн засгийн хөгжлийн үнэт капитал, гол цөм юм. Энэ нь хүний амьдралын насан туршийн, тасралтгүй үйл явц. Тиймээс боловсролыг мэргэжил эзэмших дөрвөн жилээр хязгаарлах нь өрөөсгөл. Сурч боловсрох энэхүү эрхийг хангахад цахим систем зайлшгүй чухалд тооцогдоно. 

Олон нийтийн сүлжээнд онлайн сургалтууд явагдсаар байна. Гэхдээ үүнийг нэг платформд нэгтгэвэл илүү баталгаатай, эмх цэгцтэй, ойлгомжтой байх юм. Esan контентод нэгдсэнээр мэргэжлийн түвшинд эргэх холбоотой, хариуцлагатай сургалтууд бий болно.

Цахим орчин хөгжихийн хэрээр зарим сул тал бий болж, баталгаагүй эх сурвалжууд олширч байна. Тиймээс найдвартай нэгдсэн сангаар дамжуулж, мэргэжлийн багш, профессоруудаас мэдлэгийг хүртэх нь чухал болоод байгаа юм.

Edu платформын томоохон хэрэглэгчдийн тоонд их, дээд сургуулиуд ордог. Түүнчлэн утга зохиол, урлагийн бүтээлийн сан арвин бий. Тиймээс бүх насныхан чөлөөтэй хэрэглэх боломжтой" хэмээн яриандаа онцлов. 

"ОЮУНЫ ӨМЧ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДСЭН ЦАХИМ САНГИЙН ГОЛ ХЭРЭГЛЭГЧ ТӨДИЙГҮЙ ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛЖ БАЙНА"

Оюуны өмч үйлдвэрлэгчид нэгдсэн цахим сангийн гол хэрэглэгч төдийгүй хөгжүүлэгч болдог байна. Энэ талаар ESAN төслийн зөвлөх Э.Болормаа хэлэхдээ "Нэг талаас тэдний бүтээлийг сурталчилж, уншигчдад хүргэж байна. Харин нөгөө талаас оюуны өмчийг хамгаалж байгаа юм. Тодруулбал, энэ бүтээлийг хэзээ байршуулж, хандалт нь ямар түвшинд явж байна гэдгийг харах боломжтой. Ингэснээр оюунаараа мөнгө олох нөхцөл бүрдэж байгаа юм.

Боловсролын салбарын edu систем нь маш их үүрэг хариуцлага. Өөрөөр хэлбэл, зөвхөн сургуулийн орчинд төдийгүй нээлттэй платформын хүрээнд өргөн талбарт ажиллаж, суралцах боломж бүрдэж байна гэсэн үг. Цахим үйлчилгээ нь хамгийн найдвартай, баталгаатай, дээд зэрэглэлийн байх ёстой. Ийм үйлчилгээг бид санал болгож байгаа.

Түүнчлэн хэн нэгэн хүн бүтээлийг тань эшлэл зүйлт тавилгүй, нэр дурдалгүй хуулбарласан байна уу гэдгийг шалгаж өгч болно. Бид хөгжүүлэлтийг тасралтгүй хийдэг учраас хэрэглэгчдийн хүсэлтэд тулгуурлан технологийн шийдлийг өргөжүүлэх боломжтой. Хамгийн гол нь оюуны өмчийг эрхэмлэдэг учраас хувь хүний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл рүү нэвтэрч ордоггүй" гэсэн юм. 

"ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ХАРАХАД БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД НЭН ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДДЭГ"

Мөн тэрбээр "Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Техник, технологийн дээд сургууль, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль, Санхүү бизнесийн дээд сургууль зэрэг хувийн сургуулиуд маань үүнийг маш ихээр дэмжиж байна. 

Угтаа эдийн засгийн хөгжил нь эргэлдэх хөрөнгө, банканд нь байршсан алтаар тодорхойлогдохгүй. Хамгийн гол нь иргэдийн боловсролын түвшин сайжрахтай зэрэг орлого нэмэгдэх, эрүүл мэнддээ тавих анхаарал сайжрах давуу талтай. Түүнчлэн нийгэмд үүсэх сөрөг үзэгдэл эрс багасаж, цэгцэрдэг. Энэ бүхний үр дүнд иргэдийн амьдралын чанар дээшилж, улс орны хөгжилд томоохон ахиц гардаг. 

Цахим систем рүү нэвтрээд ном унших, хувь хүнийг хөгжүүлэх гэдэг агуулгын цаана нийгмийн үр өгөөж ийм өндөр байна гэсэн үг. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн индексийг харахад боловсрол, эрүүл мэнд нэн тэргүүнд эрэмбэлэгддэг. Дам утгаараа эдийн засагт хувь хүний боловсрол хамгийн өндөр нөлөөтэй гэдгийг давтан хэлэхийг хүсэж байна" хэмээн хэллээ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

ESAN сошиал сувгийг дагах: /лого дээр дарна уу/

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.