Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өрх толгойлсон ээж байх хэцүү юу?

ikon.mn
2022 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

Намайг Х.Оюунтуяа гэдэг. Artist нэр маань Anna Sue. Ер нь хүмүүс Anna Sue нэрээр л илүү мэдэх байхаа. Ажил мэргэжлийн хувьд бол DJ, Motosport тамирчин, фитнес модель хийж байгаад одоо Дижитал ассет койн ХХК-д маркетингийн албаны даргаар ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар трэйд хийдэг.

DJ хийгээд 12 жил болж байна. Фитнессээр хичээллээд 8 жил, мотоспорт сонирхоод 9 жил. Фитнесийн олон улсын мастер цолтой. Ингээд харахад их олон юм хийжээ.

-Яагаад DJ болохоор шийдсэн бэ?

Ер нь бол би банк санхүүгийн мэргэжилтэй.

Ээж аав хоёрын шийдвэрийг дагаж мэргэжлээ сонгосон л доо. Хажуугаар нь хоббигоороо бөмбөрөөр хичээллэж, тэр үедээ өөрийгөө гайгүй хөгжмийн авьяастай гэдгээ олж мэдсэн юм. Залуусын яг шоуддаг нас ирдэг дээ. 19, 20 гээд... Тэр үед найзуудтайгаа клубд ороод хүмүүс бүжиглэж байхад надад яагаад ч юм DJ хөгжим тоглож байгаа нь гоё харагдаад тэгээд л DJ болох тухай судалж, сураглаж байгаад хэдэн жилийн дараа нь хамгийн анх MNG BRIDGE Дака дээр DJ-гээр суралцаж гэрээт DJ болсон.

 

-Тэгэхээр суралцсан мэргэжлээрээ цааш явалгүй урлаг, спортын хүн болоход эцэг эх нь яаж хүлээж авсан бэ?

Би айлын бага, эцэг эхээс хоёулаа, дээрээ нэг эгчтэй. Багадаа жаахан дураараа өссөн л дөө. Яг өөрийнхөө хүссэнээ л хийнэ. Ялангуяа өсвөр насны шийдвэрүүд дээр. Тухайн үед мэргэжлээ сонгохдоо, дандаа л өөрийнхөөрөө байдаг юм чинь энэ удаад аав, ээжийнхээ хүслээр явъя гээд банк санхүүчээр сурсан. Гэвч сургуулиа төгсөөд урлагийг сонгосон. Аав, ээж маань харин үүнийг их ойлгож хүлээж авсан. Гол нь худлаа хэлж, буруу замаар явж аав, ээжийнхээ чихэнд хонх уялгүй зөв хүн байхыг багаасаа хичээж ирсэн нь тэр хоёрт маань намайг зөв сонголт хийж байгаа гэдэг итгэлийг төрүүлж байсан байх. Би ч итгэлийг нь алдалгүй аль болох өөрийгөө илүү хөгжүүлж, илүү шат ахисаар байсан. Энэ сонголтууддаа ч харамсаж байгаагүй харин ч өсвөр насны охиндоо эерэг үлгэр дуурайлал болж байгааг харахад өөрийнхөө мөрөөдлийг дагасан нь зөв байсан байна гэж бодогдох болсон.

-Хүүхдүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Би 2 охинтой. Том нь өсвөр насных, бага нь 2 ой гарантай. Хэдий нөхөргүй ч хүүхдүүдтэйгээ маш их аз жаргалтай байдаг. Эх үрийн хайрыг юу ч орлож чадахгүй. Түүнээс илүү хайрыг би мэдэрч байгаагүй. Тэдний гар хөл, үнэр намайг үнсэж байгаа нь,тэвэрч байгаа нь, гэртээ ороход гүйж ирээд тэврээд цүнхийг маань авч байгаа нь үнэхээр бүр үнэхээр хайр хүргэм аз жаргалыг мэдрүүлдэг. Охидтойгоо байхад дотроос минь маш их хайр ундардаг. Эх үрийн хайр бол агуу. Энэ хайрыг мэдрээд би ээж, аавыгаа улам их ойлгож хайрлах болсон.

-Өрх толгойлсон ээж байх хэцүү юу?

Тухайн үед манай аав ээж маань ханилаад 28-аад жил болсон байсан. Гэр бүл, хүүхэдтэй болоод ингээд насан туршдаа хамт л байдаг гэдэг ойлголттой. 22 насандаа хөөрхөн охинтой болсон. Хаанаас ч юм анхны хүүхдээ авхуулах учиргүй гээд сонсчихсон, хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд шууд л гаргана гэж шийдсэн. Тэр үед гадаадаар сурч байгаад Монголд ирээд мэргэжлээрээ сурч байсан үе л дээ. Хүүхэдтэй болох, хүнтэй суух бодсон шиг тийм сайхан, амар байгаагүй. Салалт гэдэг асуудал надад маш том хүнд цохилт болсон. Жинхэнэ амьдрал үзүүлсэн гэх үү дээ. Би гэр бүлээ аврахын тулд өөрийгөө буруутай гэж үзээд сэтгэл зүйч дээр хүртэл очиж байсан. 22-той байхдаа шүү дээ. Тэр бүх сэтгэл шаналал, хэрүүл, хардалт, юу ч болоод байгаа юм мэдэхгүй. Яг л зовлонгийн шуурга гэнэт нөмрөөд авч байгаа юм шиг.

Ээж маань угаалгын өрөөнд надаас нууцаар уйлаад сууж байсан. Хэзээ ч уйлж байгаагүй ээж минь…Би өөрийгөө л шаналаад байна гэж бодож байсан ээж, аав маань надаас болж хэд дахин илүү шаналж байгааг ойлгоод гэнэт зог туссан. Би чимээгүй сонсож байгаад өрөөндөө ороод толинд өөрийгөө харсан. Найз нөхөдгүй, хүүхдээ тэврээд үлдэж байгаа, царай алдсан, 10кг тураад 46кг жинтэй болсон 30 гарсан юм шиг царайтай эмэгтэйг хараад гэнэт юу билээ гэж бодсон. Би хэзээ ийм эмэгтэй байлаа. Ямар цоглог, олон найз нөхөдтэй гялалзсан хүн байлаа. Тэгээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд гарах гарцаа хайж эхэлсэн. Тэмцэж эхэлсэн гэх үү дээ. Өөрийгөө илүү их хөгжүүлэхийн төлөө хичээдэг болсон. Би заавал эр хүнтэй зовж амьдрах шаардлагагүй юм байна. Эмэгтэй хүн өөрөө хүчирхэг байх ёстой юм байна. Ганц бие ээж байж болдог юм байна. Цаг хугацаа болон миний аз жаргал юу юунаас илүү чухал юм байна гэдгийг л ойлгосон. Тэр гав гинжнээс тайлагдахад би цоо шинэ хүн болсон гэх үү дээ. Тэр үед би 24 настай байсан. Тэрнээс хойш өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхдээ аз жаргалтай байлгаж чадах сонголтуудыг хийдэг болсон. Өрх толгойлсон ээж байхад хэцүү юу гэдэг асуултад би тийм гэхдээ эмэгтэй хүн зөв бас хүчирхэг байхад тийм хэцүү биш гэж хариулна. Зарим эмэгтэйчүүд хүүхдээ элэг бүтэн байлгахын тулд тохирохгүй хүнтэйгээ зодуур, доромжлол, араар тавилт, халамжгүй байдлыг нь тэсэж байна гэдэг. Хүүхдийнхээ төлөө энэ бүхнийг тэвчиж амьдардаг гэдэг худлаа, зүгээр шалтаг шиг санагддаг. Хүүхдийнхээ төлөө бол яагаад тэдэнд тийм аз жаргалгүй хэрүүл, зодоонтой амьдралыг өдөр бүр харуулж, уйлуулна гэж. Тэд зүгээр л салаад ганц бие ээж байж чадахгүй гэсэн айдас байдаг. Хүүхэд зовлон дунд амьдрах ёсгүй. Та ч хүчирхийллийг тэвчиж амьдрах учиргүй. Хүн хичээвэл амьдрах арга олдох л болно. Юм бүхэнд боломж байдаг. Боломж бүхнийг биш юмаа гэхэд 2, 3-ыг нь атгаж аваад нэгийг нь өөрийн болгохыг хичээх хэрэгтэй. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг. Шалтаг тоочоод л байвал та байрнаасаа хэзээ ч хөдлөхгүй.

Мэдээж сайн эрчүүд, аав нар мөн нөхрүүд байдаг. Тэд нар бол зүгээр л сүпермэнүүд…

-Хүмүүс бусдыг сайн эцэг эх бай гэх мөртлөө өөрсдөө яаг тийм байж чаддаг уу?

 

Зарим Монгол эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ ямар ч юмаар дутаахгүй өсгөвөл л болоо гэж үздэг. Энэ нь гэхдээ тийм зөв зүйл биш, эд баялгаас илүү үр хүүхэдтэйгээ ойр хамт байж, ойлгож ярилцах, хайраар дутаахгүй байх нь зөв гэдгийг өөрөө ээж болоод илүү их ойлгосон. Хүүхдээрээ аяга угаалгаж, гэрээ цэвэрлүүлэхгүй байгаагаа хайрлаж байна гэж боддог. Тийм биш. Хүүхдэд өөрийгөө авч явах дархлаа суух хэрэгтэй. Тэдэнд бидний халамж, тэврэлт, чин сэтгэлийн ярилцлага, ойлгох сэтгэл мөн бидний туршлага л хэрэгтэй.

Том охин бид 2 яг найзууд шиг байдаг. Байнга л ярилцана. Би охиндоо бүх зүйлийн талаар ярьж зөвлөдөг би ч бас охиноосоо сонсож суралцдаг. Бид 2-ын дунд 22 жилийн зай байгаа. Эдний үеийнхэн, эдний ертөнцөөс надад сурах юм их бий. Эцэг эхчүүд, үр хүүхдүүд бие биеэсээ суралцаж амьдрах нь маш зөв гэж боддог. Гэр бүлийн шийдвэрүүдийг ч хамт гаргаж байх хэрэгтэй. Би бол загнах гэхээс илүү ярилцахыг илүүд үзнэ. Хүүхдүүдээ онц сур, тийм юмаар хичээллэ гэхээс илүү хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийгээд, хичээл хийх цаг, найз нөхөд гэх цаг, утсаа үзэх цаг гээд цагийн менежментээ сайн хий л гэж үглэдэг. Цагийн менежментээ сайн хийгээд сурчихвал илүү гарсан цагаараа дуртай зүйлээрээ хичээллээд өөрийгөө илүү хөгжүүлнэ гэж боддог. Нэг хоёр хэлээд мэдээж хүлээж аваад зуршил болгож чадахгүй. Цаг хугацаа хэрэгтэй, тэр цаг хугацаанд нь харин мартуулахгүйн тулд байнга үглэнэ. Гэхдээ үглэхдээ мэдээж дууны өнгө маш энэрэнгүй байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн том алдаа нь хүүхдээ бусад хүүхэдтэй жиших. Энэ бол байж боломгүй дарангуйлал. Биднийг хэр сайн эцэг, эх вэ гэдгийг хүүхэд том болоод ямар хүн болохоос л харж болно. Яагаад гэвэл чиглүүлэгч нь бид л байсан шүү дээ. Ядаж л хүүхэд алдаа гаргахад нь тэврээд чи илүү сайн, илүү ухаантай байж чадна аа гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Чадахгүй бол таг дуугүй байсан нь дээр. Заримдаа дуугүй байх чинь маш том шийтгэл болдог.

-Сүүлийн үед хүүхдүүдийн хүмүүжил,зан төлөвтэй холбоотой нийгмийг шуугиулсан асуудлууд нэлээд гарч байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Анзаараад байхад нээх лаг лаг юм ярьдаг  олны танилууд, эцэг эхчүүд их харагддаг. Бусдын өмнө яаж гоё харагдах вэ гэж анхаардаг мөртлөө хүүхдүүдийнхээ хүмүүжилд болон ямар хүн болж өсөж байгаад анхаардаггүй, карьертаа хэт их ач холбогдол өгсөн хүмүүс. Ажил, карьер чухал ч гэсэн насны эцэст хүүхэд чинь ямар хүн болж өссөнөөс шалтгаалж чи жаргах уу зовох уу гэдэг чинь шийдэгдэнэ. Хүүхдийн хүмүүжилд бол яалт ч үгүй нэгт анхаарах ёстой. Ааваасаа, ээжээсээ болоод хүүхдийн нэр хүнд, ажил үгүй болж байгааг бид харлаа. Хүүхдээсээ болоод эцэг, эхийнх нь ажил, нэр хүнд унаж байгааг бас харлаа. Тийм их карьер ажилдаа хайртай бол гэр бүлээ нэгт тавих хэрэгтэй. Хүүхэд бол Монгол улсын ирээдүй учраас энэ улсад суутан бэлдэх үү дайсан бэлдэх үү гэдэг бидний л сонголт. Зөвхөн эцэг эхээс шалтгаалахгүй нийлж байгаа нөхөд нь их нөлөөлж уруу татдаг гэдэг. Уг нь бол тийм биш. Тэгвэл тэр уруу татах гээд байгаа найз нартай нь ярилцаж бас тэд нарт ойлгуулж зөвлөж байж болно шүү дээ.

Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй бичлэгүүд дээрх тэдгээр ёс бус үйлдэл гаргаж байгаа хүүхдүүд ирээдүйд их харамсаж гэмших байх. Залуу хүүхдүүд ирээдүйдээ харамсаж, гэмших алдаа битгий хийгээсэй гэж хүсдэг. Харин үүнд эцэг эхчүүд, томчууд бид л тэдэнтэй ярилцаж сэрэмжлүүлж, ойлгуулах учиртай.

-Гэр бүлийн эдийн засаг, санхүүгийн хувьд яаж зохицуулдаг вэ?

Өмнө нь хувийн арга хэмжээнүүд дээр DJ-гээ хийгээд тэр нь болчихдог байсан бол ковид гараад бүх юм зогсоод мэдээж хэцүү байсан ч эсрэгээрээ надад маш их боломжуудыг олгосон. Гэртээ зүгээр сууж чадахгүй чадах бүх л юмыг хийж, оролдсон. Үл хөдлөх, гоо сайхны бүтээгдэхүүн зарах, уул уурхай, сонгууль гэх мэт. Сүүлийн 2 гаруй жил хөрөнгө оруулалт болон трэйдээс багагүй ашиг олдог болсон. Сурах гэж бас багагүй цаг хугацаа өнгөрөөсөн боловч энэ маань олон боломжуудыг нээж өгсөн. Тэрнийхээ дагуу ажиллаж байгаа.

-Анна гэж ямар хүн бэ?

Би өөрийгөө тэмцэгч гэж хэлнэ. Бусдыг ч гэсэн тэмцэгч байгаасай гэж хүсдэг. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сайхан аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын төлөө өөртэйгөө тэмцэж өөрийгөө хөгжүүлэх нь миний гол зорилго. Надад хийгээд алдсан зүйл зөндөө бас оносон нь ч зөндөө. Ганц юманд хайрцаглагдалгүй олон юмыг хийж, тэр бүгдээс үр шим хүртэх нь амьдралыг маань утга учиртай, үр дүнтэй болгодог.