Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Киевээс гарсан иргэдийн 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинаар Польшийн хил рүү ирж байгаа"

А.Намуун, iKon.mn
2022 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ГХЯ-наас Украины нөхцөл байдал болон тус улсад байгаа иргэдээ татан авах ажлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Харьковт байгаа 23 иргэнийг ямар маршрутаар авч ирэх боломжтой вэ?

-Харьковт байгаа 23 иргэн бүгд эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Одоогоор нөхцөл байдалтай холбогдуулаад Харьков хот руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Энэ нь иргэдээ татан авах ажилд хүндрэл учруулж байна. Тойроод цэргийн ажиллагаа явагдаж буй учраас иргэдээ хөдөлгөөнд оруулах нь аюултай болчхоод байгаа юм. Тиймээс нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо гэр орондоо, хоргодох байр, оюутны байрандаа байгаад хүлээх зөвлөгөөг өгч байна. Гадаад улс орны зүгээс ч мөн адил зөвлөгөөг өгч буй. Хэрэв нөхцөл байдал намжаад орох, гарах хөдөлгөөн нээгдвэл иргэдээ татан авах төлөвлөсөн хэд, хэдэн хувилбар бий.

-Одоогоор Украинд байгаа иргэдийн хэд нь аюулгүй газар байгаа вэ?

-68 гэдэг нь зөвхөн оюутнуудын тоо. Нийт 100 орчим иргэн Украинд байгаа гэсэн судалгаа бий. Украин даяараа нөхцөл байдал амаргүй байгаа. Өчигдөр, өнөөдөр нийт найман иргэн Польшид очсоныг аюулгүй газар очсон гэж үзэж болно.

-Украинд байгаа оюутнууд хоёр сарын өмнөөс хүсэлтээ гаргасан ч зөвшөөрлийн бичгийг гаргаж өгөхгүй байсан гэх мэдээллийг хэлсэн. 

-Өчигдөр манай яаманд оюутнууд ирээгүй, оюутнуудын эцэг, эхийн төлөөлөл ирж уулзсан. Энэ үеэр шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг өгөөд, тэдний санал хүсэлтийг сонссон. ГХЯ-ны зүгээс нэг сар орчмын өмнөөс Варшав дахь ЭСЯ-аар дамжуулан оюутнуудын нарийвчилсан бүртгэлийг хийж эхэлсэн. Үүнд үндэслэн хоёрдугаар сарын 13-нд цахим хурал хийж, нөхцөл байдал эвгүй болж болзошгүй байгаа тул буцвал зүгээр байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ дагуу эцэг, эхтэйгээ зөвлөлдөөд 40 орчим оюутан ирсэн болохыг бид бүгд мэдэж байгаа.

Үлдэж буй оюутнуудад хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн. Хүндэрсэн үед ямар зүйлсийг бэлэн байлгах талаарх зөвлөгөөг өгч, сургуулиас нь шаардаж буй бичиг, тодорхойлолтыг хийж өгнө гэдгээ илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр "Одоогоор Киев хотоос гарсан монгол иргэд Польш-Украины хил дээр ирнэ. Эдгээр иргэдээс 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинд суугаад хил рүү ирж байгаа. Киевээс гарч буй оюутнууд өөрсдөө маш их хүчин чармайлт гаргасныг онцолмоор байна. Энэ нь татан авах ажилд хялбар нөхцөл болсныг тэмдэглэн хэлье.

Иргэдийг татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэлээр зардлыг тооцно гэж байгаа. Бидний тооцоолсноор нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрахад 3-4 сая төгрөг зарцуулагдана.

Харьков хотод нөхцөл байдал хэзээ хэвийн болохыг мэдэхгүй учраас иргэдийг татан авах ажил хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Тэнд буй оюутнуудтай өнөөдөр ярихад одоогийн байдлаар дэлгүүрүүдэд хоол, хүнс хэвийн, бэлэн мөнгөөр болон картаар үйлчилгээ үзүүлж байгааг хэлсэн. Хэрэв хоол хүнсний хангамж муудвал тэнд байгаа украин иргэдээр дамжуулан оюутнууддаа хоол хүнсний тусламж үзүүлэх боломжтой гэсэн байдлаар ажиллаж байна" хэмээн хариуллаа.

 

Мэдээллийг TV5 шууд дамжуулан хүргэв.