Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд: Харьковт байгаа оюутнууд хоргодох байрнаасаа гараад өөрсдийн байрандаа ирсэн мэдээллийг авлаа

А.Намуун, iKon.mn
2022 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ГХЯ-наас Украинд байгаа иргэдийг татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд "Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Гурав нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн хувийн ажлаар өөр улс руу зорчсон. Өнөөдөр дөрвөн монгол иргэн Польш улсын хилээр нэвтэрч, Варшав дахь ЭСЯ-ны ажилтан тосож авсан. Удахгүй Варшав руу хөдөлнө. Нэг иргэнээ Польш-Украины хилийн бүсээс олж авсан байгаа. Ингээд өнөөдрийн байдлаар нийт найман иргэн Польшийн хилээр нэвтрээд байна.

Киевээс 13 монгол иргэн буюу 11 оюутан, хоёр байнгын оршин суугч иргэн, Одесс хотоос гурван монгол иргэн Украины хил рүү одоо ирж байгаа. Эдгээр иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд байна. Иргэдээ авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төвөөс буюу ГХЯ-наас нэмэлтээр орос,  польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан байгаа.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдээс Киевт дөрөв, Харьковт 23, Кировоградад хоёр монгол оюутан байгаа. Кировоградад байгаа хоёр оюутныг ойрын хугацаанд Өргөмжит консултайгаа хамтран татан авч Польш улсад аваачихаар ажиллаж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа.

Би сая Харьковт байгаа монгол оюутантай холбогдсон. Ерөнхийдөө өнөөдөр нөхцөл байдал харьцангуй намжсан, хоргодох байрнаасаа гараад оюутны байрандаа ирсэн мэдээллийг өглөө.

Украины нөхцөл байдал сүүлийн үед хүндэрсэнтэй холбогдуулаад зарим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаж байна. Зарим бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарч байгааг газар дээр нь шийдвэрлээд явж байна.

Өнөөдрийн байдлаар Украинд 250,000 гаруй гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 155 орны 76,000 орчим оюутан бий гэсэн мэдээлэлтэй.

Бусад улсуудын хувьд манайхтай адил зөвлөгөөг иргэддээ өгч байна. Тухайлбал АНУ, Герман зэрэг Европын орны зүгээс агаарын хил хаалттай байгаа тул иргэдээ газраар хил залгаа орнууд руу гарахыг зөвлөж, тэндээсээ иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.


Мэдээллийг TV5 шууд дамжуулан хүргэв.