Олон улсад инфляц эрчимтэй өсөж буй нь бодлого боловсруулагчдын гол сорилт болж байна. Энэ үед дэлхийн нэр хүндтэй эдийн засагч нар инфляцын талаар байр сууриа идэвхтэй илэрхийлж буй. Онцлох байр сууриудыг хүргэж байна.
10-р сарын инфляц Америкт сүүлийн 30 жилийн дээд түвшин 6.2%-д хүрсний дараа Нобелийн шагналт эдийн засагч П.Кругман үнийн өсөлт өөрийнх нь болоод бусад эдийн засагчдын төсөөлж байснаас илүү хурдаар эрчимжиж байгааг онцолсон байна. Тэрээр Америкт өрнөж байгаа энэхүү үзэгдлийг 1970-аад оны стагфляц гэхээсээ 1947 оныхтой төстэй 1 удаагийн шинж чанартай, удаан үргэлжлэхгүй зүйл гэж New York Times сонинд бичсэн нийтлэлдээ дүгнэжээ. Түүнчлэн, инфляцын өсөлт түр зуурын шинжтэй байсныг бодитоор олж харж чадалгүй бодлогоо хэт чангалснаар эдийн засгаа зогсонги байдалд оруулсан нь тухайн үеийн бодлого боловсруулагчдын хамгийн том алдаа байсныг онцосон байна. Дэлхийн 1-р дайн, Солонгосын дайны дараах өндөр инфляцын тохиолдлууд 70-аад оных шиг стагфляц руу шилжээгүй байдгийг дурдаад, энэ удаад хүлээцтэй хандах хэрэгтэйг анхааруулжлээ. Тэрээр “хэрэв түүхийн зөв цаг үеийг эргэн харж чадвал сандрах хэрэггүй гэдгийг хэлээд өгнө” гэсэн байна.
ОУВС-ийн ерөнхий эдийн засагч асан О.Бланшард Питерсон институтийн блогтоо бичихдээ Инфляц 6.2% хүрэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл ч маш их халалттай байгааг онцлоод эдийн засгийн идэвхжил, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалтууд болон үнийн талаар хэт өөдрөг төсөөлөлтэй явж ирснийг анхааруулсан байна. Тэрээр одоо бол “инфляц түр зуурынх” эсвэл “инфляц удаан үргэлжилнэ” гэж 2 хуваагдаж тэмцэх цаг биш, бүх зүйл хэвийн байгаа дүр эсгэх эсвэл гиперинфляцын ирмэг дээр байна гэж маргах үе ч биш гэсэн байна. Харин Засгийн газар болон Төв банкны хүлээлтээс давсан инфляц бий болсон тохиолдолд цаашид яах вэ гэдгийг нухацтай бодох цаг, энэ талаар бодох зүйл маш их байгаа нь гарцаагүй гэсэн байна.
Америкийн Сангийн сайд асан Л.Саммерс Вашингтон пост сонины нийтлэлдээ инфляцын үйл явцыг ажигласны үр дүнд эдийн засгийг тэлэх бодлогыг дэмжиж байсан байр суурь нь өөрчлөгдсөнийг илэрхийлээд, Байдены Засгийн газар болон Холбооны нөөцийн банк цаашид инфляцыг хумих бодлогод шилжих нь зүйтэйг анхааруулсан байна. Инфляц түр зуурынх гэж үзэх үндэс болж байсан хүчин зүйлс өөрчлөгдсөн тул, инфляцын талаарх дүгнэлт ч өөрчлөгдөх шаардлагатай бөгөөд түр зуурынх гэж үзэх цаг өнгөрсөн гэж үзжээ.
Тэрээр Төв банк эдийн засгийн халалтыг дохиолж, актив худалдан авах хөтөлбөрөө хумин, бодлогоо чангаруулж эхлэх хэрэгтэй гэж. Харин Засгийн газраас авч хэрэгжүүлж буй боомтууд дээрх гацааг арилгах арга хэмжээнүүдийн үр дүн хязгаарлагдмал байгаа ч сайн алхам болсныг дурджээ. Үүнээс гадна тарифыг бууруулах замаар, импортын үнийг бага байлгах нь инфляцтай тэмцэх нийлүүлэлтийн бодлогын чухал хэсэг гэдгийг онцолжээ. Түүнчлэн, үнэ нь өсөөд байгаа нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ чухал байгааг хэлсэн байна. Хэдийгээр эдийн засгийн халалт нь цар тахал эсвэл санхүүгийн хямралтай харьцуулахад “сайн” асуудал боловч асуудлыг шийдвэрлэхгүй даамжруулбал улс орны хөгжил цэцэглэлтийг хойш татаж, олон нийтийн итгэлийг алдагдуулна гэсэн байна.
Европын төв банкны Ерөнхий эдийн засагч асан О.Иссинг Америк болон Европын улсуудад инфляц хэдэн 10 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн бөгөөд үнийг өсгөж байгаа зарим хүчин зүйлсийн нөлөө ойрын ирээдүйд сулрах ч, дэлхий даяар инфляцын суурь дарамт нэмэгдэж байгаа үед төв банкууд болгоомжтой байхыг сануулсан байна. Тухайлбал, газрын тос, байгалийн хий, бензин, дизель түлшний үнийн өсөлт нь ерөнхийдөө түр зуурынх тул олон улс оронд 2022 оноос инфляцын түвшин эргэн мэдэгдэхүйц буурна гэж үзжээ. Гэхдээ урт хугацаандаа бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд өндөр үнэтэй шатах түлштэй дасан зохицох шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн, үнийн өсөлтийг өдөөж буй зарим үйлдвэрлэлийн орц материал, компьютерын чипний дутагдал удахгүй арилах боловч даяарчлал, дэлхийн худалдааны маргаанууд эрсдэлтэй хэвээр тул бүх зүйл эргээд хэвийн болно гэх баталгаагүйг дурджээ. Ямартаа ч инфляц мөнгөний бодлоготой салшгүй холбоотойг онцлоод, хэдийгээр богино хугацаанд эрчим хүчний үнийн өсөлт зэрэг инфляцад нөлөө үзүүлж буй зарим зүйлстэй төв банкууд тэмцэж чадахгүй, ингэх ч шаардлагагүй боловч дунд урт хугацаанд төв банкууд инфляцыг тогтворжуулна гэдэг итгэлийг алдахгүй байх нь чухал гэсэн байна.
Харвардын их сургуулийн профессор Ж.Франкел АНУ-д хөдөлмөрийн зах зээл болон ДНБ-ий үзүүлэлтүүдээс харахад 2020 онд цар тахлаас үүдэж унасан АНУ-ын эдийн засгийн сэргэлт хүчтэй байгаа нь 1970-аад оны эдийн засаг идэвхжилгүй мөртлөө үнийн өсөлт хурдацтай өрнөсөн он жилүүдээс ялгаатайг онцолсон байна. Нэг талаас эрэлт сэргэж бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл сэргэж цалин орлого өсөж байгаа нь ч муу зүйл биш гэжээ. Эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь сэргэх нь мэдээж хамгийн хүсүүштэй зүйл боловч, ядаж эрэлт талдаа илүү хүчтэй сэргэж байгаа нь эдийн засаг огт сэргэхгүй байснаас мэдээж дээр гэдгийг онцолжээ. Тэрээр АНУ-ын эдийн засаг жилийн өмнө ихэнх хүний бодож байснаас хамаагүй сайн байгаа бөгөөд үнийн өсөлтийн нэг гол шалтгаан болоод буй үйлдвэрлэлийн хүчин чадлын хязгаарлагдмал байдлыг мөнгөний бодлогоор шийдэж чадахгүй гэсэн байна. Хэдий тийм ч боомт, нийлүүлэлт, ажиллах хүчтэй холбоотой асуудлууд дараа жил гэхэд шийдэгдэж, нийлүүлэлт талаас үнэ бууруулах нөлөөг үзүүлнэ гэж дүгнэжээ.
Дэлхийн банкны Ерөнхий эдийн засагч асан К.Басу нь энэ удаагийн инфляц өмнөх түүхүүдээс ялгарах гол онцлог нь дэлхийн олон улс орныг дамнасан явдал гэдгийг онцолжээ. Гэхдээ одоогийн инфляцын хөдөлгөөн нь цар тахлаас үүдэж унасан эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй гэдгээрээ нийтлэг боловч, улс орон бүрийн хэрэгжүүлсэн бодлого харилцан өөр, үүнээс хамаараад эдийн засгийн гүйцэтгэл нь ч харилцан адилгүй байгааг мартаж болохгүй гэсэн байна. Хэрэв Засгийн газрууд хэрэглэгчдэд хүнд цохилт болгохгүйгээр асуудлыг шийднэ гэвэл хэдийн хүнд байдалд ороод буй жижиг бизнесүүд уналтад орж, үйлдвэрлэл буурч, ажлын байраа танаж, дампуурах ч эрсдэлтэй. Нөгөө талаас жижиглэнгийн барааны үнэ өндөр хэвээр байвал хэрэглэгчид хүнд цохилтод өртөнө гэжээ. Эцэст нь инфляцыг удирдах амар зүйл биш гэдгийг тодотгоод, тиймээс бодлого боловсруулагчид шинжлэх ухаан болон өмнөх туршлагуудыг хослуулан бодлогоо хэрэгжүүлэх нь чухал, харин үнийн өсөлтийн асуудлыг улс төрөөс хол байлгах хэрэгтэйг сануулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!