Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тамир: Монгол оюун санаагаар бүтээсэн дүрүүдээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Соёлын яамнаас санаачлан зохион байгуулсан Соёлын бүтээлч сартай холбогдуулан “Еconte” компанийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Э.Тамиртай ярилцлаа.

- Сайн байн уу. Та манай уншигчдад байгууллагаа танилцуулахгүй юу. Ямар бүтээл хийдэг вэ?

- Манай компани Бумбардай, Хандгай зэрэг комик анимейшн хийдэг монгол оюун санааг бүтээх зорилготой. Бумбардай бол монголын биет ба биет бус соёлын өвийг 108 цуврал комикс анимейшнээр хүргэж байгаа. Мөн 2018 оноос эхлэн Монголын 2000 жилийн түүхийг комик, анимейшнээр хүргэх төсөл дээр ажиллаж байна. Аль, аль нь маш их судалгаа, концепци хөгжүүлэлт дээр суурилсан, уран сайхны шийдэлтэй, адал явдалтай цуврал бүтээл 

Мөн орчин үеийн монгол соёлыг хөгжүүлэх зорилгоор, залууст чиглэсэн “Хандгай” төсөл хэрэгжүүлж байгаа. Манай компани зөвхөн комик бүтээлүүд хийхээс гадна институцын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид бүтээлээ хийхдээ судалгаа үзэл баримтлал концепц хөгжүүлэлт дээр ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Манай зохиолын баг судалгааны хүрээлэн, музейнүүд, түүх, соёл байгаль хамгаалах мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Мөн хүний нөөцийн хувьд Монголд комикс анимейшн чиглэлээр мэргэшсэн шаардлага хангасан сургууль бараг байхгүй гэж хэлж болохоор түвшинд байдаг тул хүмүүсээ өөрсдөө дадлагажуулж, сургаж ажилд авах нь их.  ЕБС-ийн ахлах ангиас дадлага хийсээр төгсөөд их сургууль оролгүй манайд ажилд орсон залуус ч их бий. Тэдгээр залуустаа уран бүтээлийн ур чадвар олгохоос гадна, хийж буй бүтээлүүдийнхээ агуулгаар дамжуулаад давхар залуустаа олон талт мэдлэг, мэдээллийг олгохыг зорьдог.

- Дүрүүдийн концепц хэрхэн бий болдог вэ?

- Дүр бүхэн дээр нэг бүрчлэн ярилцъя. Манай түүхэн төсөл бол Монголын түүхийг орчин үеийн залууст ойлгомжтой, адал явдалтай зохиолоор дамжуулан  түүхийг дахин  инновацилж хүргэдэг. Түүхэн материалыг олон талт эх сурвалжийг судалж дахин шинээр олборлодог гэж хэлж болно. Үүгээрээ дамжуулан инновац шингээсэн мэдлэгийг хэрэглэгчдэд өгдөг. Уран сайхны байхаас илүүтэй судалгаа, нотолгоотой, үнэн бүтээл хийхийг эрмэлздэг. Монгол хүн байх соёл, сэтгэлгээний дархлааг бид бүтээлээрээ залуучуудад өгч байна гэж боддог. Бумбардай төслийн хувьд зохиолоороо дамжуулан өв, соёлыг түгээх зорилготой бөгөөд хамгийн чухал шийдэл бол өв, соёлыг хүмүүсийн өдөр тутмын амьдрал, хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Тухайлбал Бумбардайн таргийн аяга гэж бүтээгдэхүүн Таван нүдэн компанитай хамтарч үйлдвэрлэхдээ хүүхдийн хөөрхөн зурагтай гэхээс илүүтэй утга санаа, зан үйлийг шингээж өгсөн.

Энэ аяганы онцлог нь тараг уучхаад долоох боломжтой бөгөөд ингэснээрээ хоолой өвдөхөөс сэргийлэх ардын ухааныг хүүхэд байхаас нь заншуулахыг зорьж, мөн аяган дээрээ Бумбардай номын нэгдүгээр ангийн зохиол болон бие биелгээний үндсэн хөдөлгөөнийг дүрсэлсэн  байх жишээтэй. Өв, соёлыг орчин үеийн хүний амьдралд, хэрэглээнд нэвтрүүлэх чухал шийдэл гэж үзэж байгаа. Үзмэрийн шинжтэй, өв соёлоо хадгалаад байвал биднээс мартагдах аюултай. Бид өв соёлоо орчин үеийн хэрэглээнд үлдээх, хэвшүүлэхийг зорьдог.

Витафит компанитай хамтраад эх орны хөрсөнд ургасан луувангийн Бумбардай нухаш хийдэг. Монгол хүүхдүүд чихэр, түргэн хоолонд автсан, хоол хүнсний зөв хэрэглээ буруу, мөн хүүхдэд шаардлагатай ногоо, жимс үнэтэй, хүртээмж муу нөхцөлийг харгалзан үзэж, монгол хүүхдийн эрүүл мэндэд хувь нэмэр үзүүлэх зорилготойгоор импортын ижил чанарын бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд эх оронч үзэл санаанаас бүтсэн бүтээгдэхүүн юм.

Манай компани бүтээж буй комикс, анимэйшн, дүрээрээ дамжуулж Монгол хүний үзэл санааг төлөвшүүлэх, нөгөө талдаа Монгол хүний биед эрүүл зөв бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран бүтээхийг зорьдог. Товчхондоо  Монгол хүний оюун санаа, соёл, амьдралын зөв хэвшилд чиглэсэн цогц бүтээл, бүтээгдэхүүний тогтолцоог үүсгэхийг зорьж байна. Комикс, анимэйшн зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэл нь зөвхөн уран сайхны контент төдийгүй, тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний үнэ цэн, борлуулалтыг өсгөдөг эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар юм.

 

- Хандгай дүрийн хувьд ямар байдлаар олон нийтэд танигдсан бэ?

- Хандгай бол орчин үеийн залуучуудын дүр төрх, амьдралын зовлон жаргал, уран бүтээлч сэтгэлгээний  илрэл болж, орчин үеийн Монгол соёлыг бүтээх зорилготой дүр юм. Залуучуудад ямар зовлон, жаргал учирдгийг, тэдгээрийг хэрхэн даван туулдгийг бүтээлээрээ гаргадаг. Үе тэнгийнхний дээрэлхэлт, бэлгийн боловсрол, татварын ач холбогдол, санхүүгийн боловсрол зэрэг олон чухал мэдлэгийг залууст хөгжилтэй байдлаар ойлгуулахад зорин ажиллаж ирсэн.

Хандгай дүрээр дамжуулан залууст хэрэгтэй олон мэдлэг, үзэл санаа бүхий бүтээгдэхүүнүүдийг хийж ирсэн. Дурдвал, бид Nomad toys-тай хамтраад Хандгайн Art toy-оороо дамжуулж, олон улсад маш үнэ цэнтэй, урлагийн бүтээл болох Kaws, Bearbrick шиг дизайнтай, дотоод, гадаадын найз нөхдөдөө нүүр бардам бэлэглэж, өөрөө цуглуулж болохуйц Art toy-ийг бүтээхийг зорьсон. Монголын бэлэг дурсгалын тоглоом, сувенир нь гаднын зочинд ур хийц муу, хөөрхөн биш бараг айдас төрүүлэм хэрэглэгчийн хүсэл хэрэгцээг үл тооцсон байдаг судалгаа бий.

 

Мөн тун саяхан Michel&Amazonka брэндтэй хамтраад хийсэн цуврал цамц дээрээ и-баримтын дизайн оруулсан нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, урлагийн салбарынхныг татвар, санхүүгийн боловсролдоо анхаараач ээ, нийгэмд эдийн засгийн бодит баялгийг бүтээж, сайн дурын уран сайхнаас харилцан ашигтай бизнес бүтээгээч хэмээн уриалж байгаа юм.

Сүүлийн үед ORDA wealth management компанитай хамтраад Монголын залууст алтернатив хөрөнгө оруулалт (Alternative investment)-ыг нэвтрүүлэхийг зорьж байна. Алтернатив хөрөнгө оруулалт гэдэг нь урлагийн бүтээл болон ховор цуглуулга, торхтой виски, таваар, үл хөдлөх хөрөнгө, хаалттай үнэт цаас  гэх мэт нэн сонирхолтой уламжлалт бус (алтернатив) хөрөнгүүдэд хил хязгаарыг үл харгалзан хөрөнгө оруулах боломжийг хүн бүрт олгох платформ юм. Уламжлалт хөрөнгө оруулагчид нийгмийн 5% хүрэхгүй хэмжээнд байдаг бол, нийгмийн үлдсэн 95% нь цалин, орлогынхоо багахан хэмжээгээр хөрөнгө оруулагч сэтгэлгээ, дадал, соёлыг бий болгох өндөр ач холбогдолтой шийдэл юм.

Сүүлийн үед алтернатив хөрөнгө оруулалтын өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн бол Торхтой Виски болоод байна. Иймд Хандгайгаар дамжуулаад Торхтой ба лонхолсон вискиг Шотландад хийн, тун удахгүй хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдад санал болгохоор ажиллаж  байна. Ташрамд хэлэхэд Хандгай бол хүүхдэд биш насанд хүрэгчдэд зориулсан комикс, анимэйшн төсөл юм. Мөн цаашид ORDA.mn-ээр дамжуулж дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт Silver art toy зэрэг маш үнэ цэнтэй сонирхолтой урлагийн бүтээлүүдэд ажиллаж байна.

ОRDA-аар дамжуулан залууст санхүүгийн боловсрол, шинэ төрлийн хөрөнгө оруулалтыг танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Өнөөгийн нийгэмд үүсээд байгаа маш их бэрхшээл, зовлонгууд, биднийг хөгжлөөс хойш татаж байгаа зүйл бол Монгол хүний үр дүн, үр ашгийг хэт богино хугацаанд үзэх гэсэн гэнэн хүсэл, түргэн баяжих шунал, товчхондоо Бүтээлч үндэстний сэтгэлгээгүй байна гэж ойлгож байна.  Хандгайгаар дамжуулаад Залуу хүн гэдэг зугаа, цэнгэл , энтертаймент байхаас гадна нөгөө талаасаа амьдралд учирдаг саад бэрхшээлийг даван туулах, дараагийнхаа амьдралын замналд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахад бидний зүгээс хувь нэмэр үзүүлэхийг хичээдэг.

- 24 жилийн дараа Соёлын яамтай боллоо. Хүлээлт ямар байгаа вэ?

- Манай байгууллагын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Монгол Улсын тэргүүлэгч аж үйлдвэрлэл болгохыг зорьж ажиллаж байгаа. Аялал жуулчлалын дараа орох хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Монгол хүний оюун санаа, технологи, интернэтэд суурилсан орчин үеийн бизнесийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай байна. Нөгөөтээгүүр хүн юу үзэж өснө тийм л хүн болдог. Бидний үзэж байгаа контент ихэнх нь гаднынх. Тэгэхээр бид оюун санааны хувьд, эдийн засгийн хувьд ч гэсэн тусгаар тогтносон байх  ёстой. Үүний гол шийдэл нь соёлын бүтээлч үйлдвэрлэл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг том шийдэл бол дүр дээр суурилсан бизнес юм. Анимейшн, комикс гэдэг бол Марвел, Нарутогоор жишээ авч ойлгож болно. Энэ байдлаар бусад салбарт хувь нэмэр оруулах боломжтой. Дэлхий дахинд уул уурхайн салбартай харьцуулахад ашиг орлогоороо 6.4 дахин их байдаг. Монгол Улс соёлын яамтай болсноор бодлогын дэмжлэгтэй болсон. Соёл, урлаг гэхээр маш олон зүйлд хүчээ тарамдахгүйгээр анимейшн комиксоор дэлхийд гарах боломж байгаа.

- Соёлыг хэрхэн бизнес болгож гадагшаа экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарууд хөгжихөд бүтээлч компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид, худалдан авагчид, хөрөнгө оруулагчид хамтраад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулаад явахад дотоодын оюун санааны хэрэгцээ ба үндэсний үйлдвэрлэл, дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх боломж бүрэн байна. 3 сая гаруй  иргэнтэй улсад соёлын бүтээлч үйлдвэрлэл зөвхөн зах зээлийн жамаар хөгжих бэрхшээлтэй. Иймээс төрийн зүгээс эдийн засгийн ба бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

- Бусад улс орон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр ямар замнал туулсан байдаг вэ. Манай улс үүнээс юуг нь суралцах боломжтой вэ?

- Монгол Улс өөрийн гэсэн соёлын болоод зах зээлийн онцлогтой. Монгол улс олон улсын соёлыг контентоор дамжуулан цензургүй хүлээн авч ирсэн нь  үндэсний соёлын дархлаагаа алдах эрсдэлтэй байгаа хэдий ч нөгөө талаараа эргээд олон улсын сонирхол татах контентыг сэтгэх, үйлдвэрлэх нөөц боломж ч цаагуураа хуримтлагдаж байх талтай. Бид өөрсдийн онцлог, давуу чанараа зөв мэдэж чадвал, монгол залуучууд дэлхийн хүмүүсийн сонирхлыг татах зохиол, контентыг санал болгох боломжтой.

Солонгос улс бол олон ангит киногоор дэлхийд танигдсан шүү дээ. Тухайн улсын иргэд нь улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авч уран бүтээлчдээ дэмждэг. Тус уран бүтээлийн байгууллага ч гэсэн өөрийн улсын зах зээлээсээ тамир авч гаднын зах зээл рүү гарах хөрөнгөтэй болдог. Sony брэндийг япон хүмүүс л илүү худалдаж авч байж дэлхийн зах зээл рүү гаргасан гэдэг. Цар тахлын үед импортын бараанд найдах нь төдийлөн оновчтой биш гэдгийг бид ойлгож авлаа. Одоо дотооддоо үйлдвэрлэж үндэсний бүтээгдэхүүнээ худалдаж авах соёлыг бий болгомоор байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь улс орны хөгжүүлж байгаатай адил шүү дээ.

- Сүүлийн үед ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байгаа вэ?

- Хандгай төсөл дээрээ “Өвгөн хуурч” бүрэн хэмжээний анимэйшн кино, дагалдах бүтээгдэхүүнүүдийг бүтээхэд төвлөрөн ажиллаж байна. Түүхийн чиглэлээр 20 ангит Сүхбаатар комикс төслийг хэрэгжүүлж байна. Бумбардай төсөл дээр 12 анги контент хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлоготойгоор бизнес болгон хөгжүүлэх, уран бүтээлчид, үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, төр засгийн бодлого зэргийг хооронд нь илүү үр өгөөжтэй уялдуулахад анхаарч ажиллаж байна.

 

- Төгсгөлийн асуултыг нээлттэй үлдээе.

- Сүүлийн үед NFT, Metaverse зэрэгт зориулаад өөрсдийн  дүр, агуулга, контентуудыг бүтээж нийлүүлэхээр бэлтгэн ажиллаж байна.  Монголын бусад уран бүтээлчид маань ч технологи дээр суурилсан энэхүү давлагаанаас битгий хоцроосой гэж хүсэж байна. Мөн нэг онцолж хэлэх зүйл бол хүүхэд залуус комикс, анимейшн их сонирхож байгаа дээр нь улсдаа сургаад хүний нөөцөө бэлдвэл контент үйлдвэрлэгч, экспортлогч улс болох  боломж байна. Тэгэхгүй бол эдгээр шинэ үеийн залуучуудаа өөр улс оронд алдах аюултай байгаа юм. Тухайлбал, Хандгай төслийн зохиолч 16 настайдаа манай компанид ажиллаад Хандгай дүрийг компанитайгаа хамтраад бүтээж, соёлын бүтээлч бизнес болгон хөгжүүлж, одоо “Өвгөн хуурч” бүрэн хэмжээний анимейшн кино бүтээж байгаа нь Монголын залуус хичээж, бүтээж чадвал  бидний үеийг бодвол бага залуу гэхгүй баялаг бүтээгч болох боломжтой болсныг харуулж байна.

Эндээсээ зөвхөн өөрийн Эконтэ компанийн төсөл бүтээлээ хийхээс гадна, бусад уран бүтээлчид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтран соёлын бүтээлч үйлдвэрийн кластер хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу нэгдсэн том нэгдэл, төв ямар зорилготой, ямар зүйл байхыг  BRB компанийн Circle Park төслөөс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Хамгийн гол нь бүтээлч залуус үзэл санаа, зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллаж чадвал хөгжлийн дараагийн шатанд хамтдаа гарахад ойрхон байна.

 

Эх сурвалж: Mongolian Economy