Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Өвлийн улиралд монгол гэрийн дулаан хадгалах чанар, тав тухыг сайжруулах нь 

ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
gerhub

Нүүдэлчин ахуй соёлоос улбаатай монгол гэр нь орчин нөхцөлдөө тохируулан байнга өөрчлөх, шинэчлэх боломжтой дизайнтай сууц юм.

Суурин газрын монгол гэр нь нүүдэлчин ахуйд тохирсон буюу барих, хураахад авсаархан, нүүдэллэн амьдрахад хялбар байх зэрэг онцлог, шаардлагаасаа холдож, цаг уур, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг даган хувьсан шаардлагатай болж буй.

Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Байгальд ээлтэй барилга, дизайны төв (Center for Environmental Building and Design - CEBD), НҮБ-ын Хүүхдийн сангийн Инновацын төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Гэр өргөө ТББ бусад байгууллагуудтай хамтран монгол гэрийн дулаан алдагдал, түлшний хэрэглээний талаар ажиглалт, судалгаа хийжээ. 

Тус судалгаа нь монгол гэрийн дулаан алддаг хэсгийг олж тодорхойлох, дулаан алдагдлыг бууруулах боломж, зуух эсвэл халаагуур нь агаарын бохирдлыг нийтэд нь, ялангуяа Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсэд (гэрийн доторх болон гаднах) бууруулах боломжтой эсэхийг энэ судалгаанд онцолж үзсэн. Бидний ахуй соёлын салшгүй хэсэг болсон монгол гэрийг дулаан алдалт талаас нь судалсан судалгаа ховор байдаг бөгөөд дүгнэлтэд нь үндэслэн гэрийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн хэрхэн өөрчлөх зөвлөмжийг дэвшүүлсэн. 

Монгол гэрийн дулаан хадгалах чадвар муу ба шатах түлшнээс ихээхэн хамааралтай байдаг нь гэрийн дотоод болон гаднах агаарын PM2.5 тоосонцрын бохирдол их байдгийн гол шалтгаан болдог гэж тус судалгааны үр дүнд үзжээ. 

Тэр утгаар монгол гэрийн дулаан алддаг хэсгүүдийг олж тодорхойлох, дулаан алдагдлыг бууруулах аргыг хайх, мөн зуух эсвэл халаагуур нь агаарын бохирдлыг нийтэд нь, ялангуяа Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсэд гэрийн доторх болон гаднах агаарын бохирдлыг бууруулах боломжтой эсэхийг судалгаанд онцолсон аж. 

Иймээс өвлийн улиралд монгол гэрийн дулаан хадгалах чанар, тав тухыг сайжруулахад туслах зөвлөмжийг танилцуулж байна.

 

Гэрийг сайтар дулаалах нь дараах эерэг нөлөөтэй. Үүнд:

  • Сайтар дулаалсан гэрийг галлах хугацаа нь харьцангуй тогтвортой байх учраас өдрийн дийлэнхэд нь гэрийн дотоод хэм амьдарч буй хүмүүст таатай хэмжээнд байна. Дотоод орчны хэм тогтвортой байх нь тав тухыг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндэд сайн нөлөөтэй
  • Гэрт амьдардаг хүмүүсийг ая тухтай байлгах бусад хүчин зүйлсийг эн тэнцүү гэж үзвэл дулаалсан гэрт түлш бага зарцуулах тул гэрийн доторх болон гадаад орчны бохирдлыг бууруулахад тустай.
  • Сайтар дулаалсан монгол гэрийг зуухаар галлахын оронд цахилгаанаар халаах нь зардал хэмнэнэ. Нүүрсээр галладаг цахилгаан станцууд Улаанбаатар хотын нийт цахилгааны хэрэглээг хангадаг бөгөөд нүүрс түлдэг нийт өрхийн гаргадаг утаанаас харьцангуй бага хувиар агаарын бохирдолд нөлөөлдөг.
Дулаалга
 

Даавуу, эсгий, мод, хөөс, хуванцар зэрэг материал нь дулааныг хамгийн сайн хадгалдаг учраас Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газарт дулаалга хийх хамгийн оновчтой арга юм. Байгальд ээлтэй барилга, дизайны төвийн гүйцэтгэсэн хэт улаан туяаны термографийн ажиглалтын үр дүнд монгол гэрийн дээвэр, ханаар хамгийн их дулаан алдагддаг гэж үзэж байна.

Хоёр эсгий давхаргатай (ноосон) гэртэй харьцуулахад гурван давхаргатай гэрийг халаахад дулаан бага зарцуулж, дулааныг 10-20% хэмнэх боломжтойг туршилтын дүн харуулсан.

Цаашилбал, гэрийн хаана, туурганы давхар бүрийн дунд агаарын давхарга үүсдэг бөгөөд энэ агаарын давхарга нь маш сайн дулаан тусгаарлагч юм. Тиймээс гэрийн дээвэр, туурга нь материалаасаа шалтгаалахгүйгээр олон давхар байх тусам гэрийн дулаан хадгалах чадвар төдий чинээ сайн байна.

Өвлийн улиралд гэрийн дотор талд хулдаасан материалаар (гялгар цаас гэх мэт) давхарга хийвэл хана, туурганд уур, чийг нэвчихээс хамгаална.

Агаар солилцоо 

Дулаан алдах өөр нэг зам нь агаар солилцоо буюу гэрт агаар орох, гарах явц юм. Гэрийн хаяа, хатавчаар хүйтэн агаар гэрт орж, харин дулаан агаар тооно болон унины сиймхийгээр гадагшилдаг. Агаар солилцоо тодорхой хэмжээнд байх нь гэр доторх нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, дотоод агаарыг сэлбэхэд сайн боловч агаар солилцоо хэтэрвэл дулааныг их хэмжээгээр гадагшлуулна. Монгол гэрийн агаар солилцоог ихдүүлэхгүйгээр шаардлагатай хэмжээнд барьж чадвал дулаан хэмнэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Тооно, хаалга болон хатавч, хаяаг даавуу, хулдаасаар дулаалбал хүйтэн агаар гэрт нэвтэрч, дулаан агаарыг хөөж гаргахыг зогсоох боломжтой.

Зуухыг сайжруулах нь

Монгол гэрийн агаар солилцооны чухал хүчин зүйл бол зуух юм. Гэр, байшингийн дотор гал ноцоход хүчилтөрөгч шаардлагатай бөгөөд зуухаар галлахад гэр доторх ялангуяа зуухны ойролцоох хүчилтөрөгчийг сордог. Үүнийг шийдэх нэг арга нь зууханд гаднаас агаар сорох бөгөөд энэ аргыг зарим айлууд ашигладаг.

Төмөр, эсвэл галд тэсвэртэй хуванцар хоолойг гэрийн гаднаас татаж зууханд холбодог бөгөөд хоолойг даавуу эсвэл хивсээр бүрнэ. Ийм хоолой холбосон зуух нь гал түлэхэд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийг гэрийн дотроос бус харин гаднаас сордог учраас гэрт орох хүйтэн агаарын урсгалыг багасгадаг. Үүнээс гадна хүйтэн агаар нь галыг хурдан ноцоодог учраас түлшнээс ялгарах дулааныг тодорхой хэмжээгээр ихэсгэдэг. Хэдийгээр энэ арга нь гэрт хүйтэн агаар орох асуудлыг дангаараа шийдвэрлэхгүй ч гэрт орж ирэх хүйтэн агаарыг тодорхой хэмжээгээр бууруулж чадна.

Цахилгаан халаагуур 

Зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэвэл гаднаас орох хүйтэн агаарыг багасгана. Учир нь цахилгаан халаагуурт шаталтыг дэмжих хүчилтөрөгч шаардлагагүй тул агаар нэвчилтийг эрс бууруулах боломжтой. Халаагуур нь хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээр ажиллах боловч зуухнаас илүү үр ашигтай бөгөөд агаарыг бага бохирдуулдаг.

Улаанбаатар хотын агаар дах PM 2.5-ыг үүсгэгчдийн тоон мэдээлэлд үндэслэвэл монгол гэрт амьдардаг бүх өрх цахилгаан халаагуур ашиглавал Улаанбаатар хотын агаар дах PM 2.5 бодисын хэмжээг 32%-аар бууруулах боломжтой.

Цаашид сэргээгдэх эрчим хүч хэрэглэх замаар Монгол Улсын эрчим хүчний салбарыг сайжруулбал нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах боломж бий. Үүнээс гадна цахилгаан халаагуур зуухнаас ялгаатай нь утаа, хөө тортог, үнс, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг гэрт амьдарч буй хүний биед хортой бодисыг ялгаруулдаггүй тул эрүүл мэндэд ашигтай. Цахилгаан халаагуураар халаахад гэрийн дотоод хэм 18–25°C хооронд байдаг бол зуухаар халаахад 8-33 хэмийн хооронд огцом хэлбэлздэг.

Гэрийн дотоод хэм тогтвортой байх нь амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Цахилгаан халаагуур энэ мэт давуу талтай учраас Байгальд ээлтэй барилга, дизайны төвийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн судалгааны гол сэдэв зуухнаас цахилгаан халаагуурт шилжих тухай байлаа. 2019-2020 оны өвөл Баянхонгор аймагт хийсэн туршилтын үеэр айл амьдардаг долоон гэр, нэг хоосон гэр, нэг байшинд халаагуур ашиглаж, ажиглалт хийсэн. Үүнээс таван гэрт (дөрвөн айл, нэг хоосон гэр) ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн бүтээсэн ‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’ (CHIP) багцыг туршсан. Дараах зурагт 2019-2020 оны өвөл дээрх айлуудад хийсэн туршилтын үеэрх өдрийн хэмийн өөрчлөлт болон өдрийн эрчим хүчний зардлыг харуулав.

 

Гурван давхар эсгий, мөн тооно болон хаалганы дулаалгатай бөгөөд цахилгаан халаагуур ашигладаг айл өдөрт дунджаар 3,500-4,000 төгрөг зарцуулах бөгөөд эдгээр өрх ойр орчмын болоод нийт Улаанбаатар хотын хэмжээнд агаарыг харьцангуй бага бохирдуулна гэжээ. Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.