Өмнөд Америкийн Эквадор улсын Гуайакил хотын нэгэн шоронд Лхагва гарагт хоригдлууын хооронд цуст мөргөлдөөн дэгдсэн юм.
Шоронгийн захиргаа хяналтаа алдаж, үймээнийг дарж, дэг журам тогтоохын тулд Эквадорын эрх баригчид олон тооны зэвсэглэсэн цагдааг дайчилсан байна.
Пүрэв гарагт өгсөн мэдээллээр үймээний үеэр нийт 116 хоригдол алагджээ. Хохирогчдын нэлээд хэсгийг цахилгаан хөрөө, урт хутгаар мөчилж, толгойг нь тасдсан байв.
Үймээн тус улсын гэмт хэргийн хоёр бүлэг болох Лос Хонерос, Лос Лобосын гишүүдийн хооронд гарсан байна.
Тэд Мексикийн хар тамхины картелиудын барааг Эквадороор дамжуулдаг замуудад хяналтаа тогтоохын төлөө тулалдсан болохыг тус улсын цэргийн тагнуулын газрын дарга асан, хурандаа Марио Пазмино мэдээлжээ.
Мексикийн хамгийн том хоёр картель болох Синалоа, Халиско Шинэ Үеийнхэн бүлэглэлүүд Эквадорын орон нутгийн гэмт хэрэгтнүүдээр дамжуулан хар тамхиа тээвэрлэдэг байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцоод буцаж ирсэн Эквадорын ерөнхийлөгч Гиллермо Лассо улсынхаа бүх шоронгуудад 60 өдрийн онц байдал зарлажээ.
Тэрбээр цагдаа, зэвсэгт хүчнийг шоронгуудад дэг журам тогтооход дайчилж, үүнд зориулан эхний ээлжинд $24 саяыг төсвөөс гаргах болсноо мэдэгдсэн байна.
“Шоронгууд гэмт хэргийн бүлэглэлүүдийн тулааны талбар болсон нь нэн харамсалтай. Төр арга хэмжээ авах цаг болжээ” гэж Лассо мэдэгджээ.
Гуайакил хотын шоронгийн гадна хоригдлуудын ар гэрийнхэн цугларч, Пүрэв гарагт эрх баригчид хохирогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж эхэлсэн байна.
Эквадор нь дэлхийн хамгийн том кокайн үйлдвэрлэгч Колумби, Перу улсуудын дунд оршдог. Мексикийн картелиуд Эквадорыг кокайн тээвэрлэх гол замаа болгон ашигладаг болжээ.
Латин Америкийн орнуудын шоронгууд хэт олон хоригдолтой, эрүүл ахуйн стандарт маш муугаараа алдартай. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд шоронгуудад хяналтаа тогтоох болсон нь нөхцөл байдлыг улам дордуулж байгааг Пазмино ярьж байна. Төрийн байгууллагууд авлигалд идэгдсэн тул гэмт хэрэгтнүүд өөрийн хүмүүсийг шоронд ажиллуулж, гаднаас зэр зэвсэг оруулдаг болсон гэнэ.
“Эквадорын төр шоронгуудыг хяналтаасаа алдаж байна” гэж Пазмино хэвлэлд халаглан ярьжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|