Коронавирусийн эсрэг вакцины үр нөлөө болон гурав дахь тунгийн асуудлаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Гурав дахь тунгийн асуудлыг маш болгоомжтой ярих ёстой. Хэзээ нэг цагт магадгүй коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх шаардлага гарч болно.
Тэгсэн тохиолдол хэзээ, аль бүлэгт хийх асуудлыг олон улсын зөвлөмжүүд болон дотоодод хийсэн судалгааг маш сайн ажиглаж байж шийднэ.
Манай улсын хувьд эхний ээлжийн хамгийн чухал асуудал вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүс бүгд вакцинд хамрагдах шаардлагатайг хэлье.
Судалгаагаар урт хугацаа өнгөрөх тусам вакцинаас үүссэн эсрэг биетийн хэмжээ буурч байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ эсрэг биеийн хэмжээ хэд болж буурахаар эргэж халдвар авч байгаа асуудал нь олон хүчин зүйлтэй хамааралтай. Энэ асуудал цаашид судлагдана" хэмээн ярив.
ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр "Вакцинд хамрагдсан 34,000 хүнийг хамруулж хийсэн ХӨСҮТ-ийн судалгаа олон улсад хэвлэгдэнэ.
Олон улсын түвшинд хэвлэгдэж байгаа тус судалгаа бодит амьдрал дээрх вакцины үр нөлөөг судалж байгаа хэрэг.
Маш олон иргэн цусны шинжилгээ өгөөд дархлаа тогтсон эсэхээ судалдаг мэт ойлголт гадуур тарж байна.
Гэхдээ хамгийн бодит үр дүнтэй судалгаа бол тав болон зургаадугаар сард болсон халдварын өндөр давлагааны үед вакцинд хамрагдсан байсан хүмүүсийн дархлаа хэрхэн хариу урвал үзүүлсэн тухай өгүүлсэн судалгаа юм. Тус судалгаа маш өндөр түвшинд хийгдсэн гэдгийг хэлье.
Судалгааны үр дүнд коронавирусийн эсрэг вакцин нас баралтаас 93 хувь, халдвараас 75 хувь хамгаалж байгаа нь нотлогдсон.
Түүнээс гадна, Pfizer вакцины хувьд хамгаалах чадвар сар тутам 6-7 хувиар буурч байна гэх судалгаа гарсан байна. Аль ч вакцинд энэ хувь тодорхой хэмжээнд буурдаг.
Гэхдээ Синофарм шиг сулруулсан вирусээр хийсэн вакцины хувьд хоёр тун хийсний дараа дархлааны эсрэг биетийн түвшин буурсан ч гурав дахь тунг хийхэд дархлааны эсрэг биет гурав дахин нэмэгдсэн гэх судалгаа бий.
Өөрөөр хэлбэл, дархлааны санамжийн эсүүд маш сайн санамж суусан байна гэсэн үг.
Энэ мэтээр дархлаатай холбоотой асуудлууд судлагдаж байна. Бид эдгээр судалгаанд суурилж бүүстер тунг ямар насны бүлэгт хийхийг судалж байна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!