Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн байгууллагад байгаа бүх тоон мэдээллийг ил болгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн санаачлагаар зохион байгуулагдсан "Нийтийн мэдээллийн тухай", "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай" хуулийн төслүүдийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Тэрбээр "Нээлттэй мэдээллийг заавал ил байлгана. Албаны нууцаас бусад мэдээллийг заавал ил байлгана гэдэг үүргийг төрийн байгууллагуудад өгсөн. Хаалттай мэдээлэлтэй зөвхөн эрх бүхий албан тушаалтан танилцана. Хаалттай мэдээлэлтэй мэдээллийн эзэн өөрөө танилцаж болно, мөн шүүх, прокурор, цагдаа нь прокурорын зөвшөөрлөөр танилцана. Бусад ямар ч тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хаалттай мэдээлэлтэй танилцаж болохгүй гэдгийг Нийтийн мэдээллийн тухай хуульд зааж өгсөн.

Жишээ нь, нэг иргэний эрүүл мэндийн мэдээлэлтэй тухайн иргэний зөвшөөрлөөр л танилцана. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр хаалттай мэдээллийг бусад байгууллага руу шилжүүлнэ гэдэг зохицуулалтыг энэ хуульд оруулсан.

Мөн энэ хуулиар төрийн байгууллагад байгаа бүх тоон мэдээллийг нээлттэй болгож байгаа. Түүнчлэн,

  • Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж буй газрын мэдээлэл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашиг алдагдлын тайлан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний мэдээлэл, хяналтын зөвлөлийн бүтэц ямар байх уу, гишүүд болон гүйцэтгэх удирдллагын мэдээлэл,
  • Стратегийн ач холбогдол бүхий эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж буй татвар болон хөрөнгийн хэмжээ,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хувь хүн хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалтаас гарах, ашиглалтаас гарах орлогын бүх төрлийн мэдээлэл,
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн захиргаатай байгуулсан бүх мэдээлэл зэрэг таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгоно.

Ингэхдээ төрийн байгууллагын мэдээллийн үндсэн систем нь Хур систем байна гэж анх удаа хуульчилж өгсөн.

Нэг иргэнд дор хаяж арван дугаар байна. Жишээ нь, иргэний үнэмлэхний дугаар, гадаад пасспортын дугаар, татвар төлөгчийн дугаар гэх мэт. Энэ бүх дугаарыг улсын бүртгэлийн 13 оронтой дугаар дор нэгтгэх хэрэгтэй. Энэ 13 оронтой дугаар дээр тухайн иргэний бүх мэдээллийг шивж оруулдаг болно. Гэхдээ регистрийн дугаарыг ашигладгаараа ашиглана. Регистрийн дугаараар тухайн иргэний хаана, хэзээ төрсөн, ямар хүйстэйг мэдэж болдог. Харин 13 оронтой дугаарыг хэрэглээнд гаргаснаар дээрх хувийн мэдээллээ хамгаалах боломжтой болох юм.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтнууд албан харилцаандаа заавал албаны цахим шуудан ашиглахыг үүрэгжүүлж өгсөн.

Гэрлэлт, үл хөдлөх, газрын бүртгэл зэрэг заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэхээс бусад бүртгэлийг бүгдийг нь цахимжуулна” гэв.  

Сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг Хувийн мэдээллийн тухай хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн зэрэг мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон байна.

Түүнчлэн хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.

Мөн Гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний зэрэгцээ хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгчээ.

Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан.

Мөн мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зохицуулалтын талаар тусгаад байна. Мөн сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор оруулсан байна.