Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Virgin Galactic компани сансарт нисэх тасалбарын үнийг $450,000-аар тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic компани сансрын аялал жуулчлалын үйлчилгээгээ нээж, тасалбарын захиалга авч эхэлжээ.

Тус компанийн хөлгөөр сансрын уудмын захад хүрээд буцах нэг суудлын үнэ $450,000 болсон байна.

Брэнсон өөрөө долдугаар сарын 11-ний өдөр анхны нислэгийнхээ зорчигч болсон юм.

Virgin Galactic компани хэд хэдэн туршилтын дараа эхний захиалгат нислэгээ ирэх оноос гүйцэтгэж эхлэхээр болжээ.

Тус компани өмнө нь нэг суудлаа $250,000-аар үнэлж байсан ч 2014 онд болсон туршилтын үеийн ослын дараа захиалга авахаа зогсоож байв. Тухайн үед 600 орчим хүн тасалбар захиалаад байсан гэдэг.

“Өнгөрсөн сард үйлдэгдсэн Unity 22 нислэгийн дараа хүмүүсийн сонирхол эрс нэмэгдсэн тул бид өнөөдөр тасалбарын борлуулалтаа дахин эхлүүлж байна” гэж Virgin Galactic компанийн гүйцэтгэх захирал Майкл Колглэйзер өчигдөр мэдэгджээ.

Сансрын аялал жуулчлалын зах зээлд Virgin Galactic компанитай АНУ-ын Blue Origin, Space X компаниуд өрсөлдөж байгаа.

Өнгөрсөн сард Blue Origin компанийн анхны нислэгт тус компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн, Амазоны Жэф Безос зорчсон юм.

Blue Origin компани ирээдүйд тасалбараа $200,000-$300,000 хооронд үнээр зарна гэсэн мэдээлэл бий.

Өнгөрсөн онд NASA-гийн сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станцад амжилттай хүргэсэн Space X компани энэ оны сүүлээр сансарт эхний жуулчдаа нисгэхээр төлөвлөжээ.

Virgin Galactic компани өөрийн хоёр дахь нислэг болох Unity 23-ыг есдүгээр сарын сүүлээр АНУ-ын Нью Мексико муж дахь сансрын буудлаас хөөргөх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: BBC