0-3 насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг илүү цагаар ажиллуулахыг хориглосон хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Монгол Улсын Их Хурлаас өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа.
13 бүлэг, 166 зүйлтэй уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм.
Хуультай холбогдуулан ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүд хуулиас зарим зүйл заалтыг онцоллоо.
Дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгоно
- Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг авах арга хэмжээг хуулиар нарийн зааж өгсөн. Ажлын байрны орчин гэдэгт тухайн ажлын байрны орчин байхаас гадна томилолтоор явж байгаа, ажлын унаагаар ажилдаа ирж очих цаг хугацаа, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалгын цаг хугацаа зэрэг орно.
- Хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг хуулиар тогтоож өгсөн.
- Хөдөлмөрийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт анх удаа оров.
- Жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг шөнийн буюу илүү цагаар, нийтээр амрах болон долоо хоногийн амралтын өдөр, албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
- Залуу гэр бүлийг дэмжих үүднээс дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
- Байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг, эх тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой хэмээв.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа бүх хүн энэ хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж ажиллах юм. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл шинэ шатанд гарна.
Бүрэн дүүрэн хэрэгжсэнээр 21 дүгээр зууны хөдөлмөр, нийгмийн харилцаанд нийцсэн зохицуулалтууд биеллээ олно гэж найдаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
