Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өрнөдийн хоригийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авах Оросын саналыг Казахстан дэмжсэнгүй

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ, Беларусь улсуудын эсрэг Өрнөдийн орнуудын зарласан хоригийн хариуд Евразийн Эдийн Засгийн Холбооны (ЕЭЗХ) гишүүн орнууд хамтарсан арга хэмжээ авах саналыг Москвагийн эрх баригчид гаргаад байсан юм.

Уг холбоонд ОХУ, Казахстан, Армени, Беларусь, Киргизстан зэрэг хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан таван улс багтдаг.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Панкин “хамтарсан хариу арга хэмжээ” авах асуудлаар ЕЭЗХ-ы гишүүн орнууд ажиллаж байгаа тухай мэдэгдэж байв.

 Харин Казахстан улсын гадаад хэргийн яам өчигдөр гаргасан мэдэгдэлдээ эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг “улстөржүүлэх”-ийн эсрэг байгаагаа мэдэгджээ.

“Өрнөдийн орнуудын зарласан хориг нь улс төрийн агуулгатай бөгөөд ЕЭЗХ руу бүхэлд нь чиглэсэн гэхээсээ илүү тодорхой улс орнууд руу чиглэсэн байна. Тиймээс бусад улс орнуудын зарласан хоригийн эсрэг ЕЭЗХ-ы гишүүн орнууд “хамтарсан арга хэмжээ” авах ямар нэг яриа хэлэлцээнд Бүгд Найрамдах Казахстан Улс оролцоoгүй гэдгийг мэдэгдэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Казахстан улс нь улс төр, эдийн засгийн хувьд ОХУ-тай нягт холбоотой ч Өрнөдийн орнууд, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх хүсэл сонирхолтой байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон, кибер халдлага зохион байгуулсан, Украин улсад аюул занал учруулсан зэрэг үйлдлийнх нь төлөө энэ оны эхээр ОХУ-ын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ зарлаад байгаа билээ.

Нутаг дэвсгэр дээгүүрээ нисэж явсан RyanAir компанийн онгоцыг албадан буулгаж, сөрөг хүчний сэтгүүлчийг баривчилсан Беларусийн эрх баригчдыг эсрэг хориг арга хэмжээг Европын Холбоо саяхан зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters