Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдол нэмэгдэж байна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар салбарын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшин, шалтгааныг судлахад 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болж байна. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621,939 хөдөлгөөнт эх үүсвэр байна.

Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр байгаа. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болох нь автотээврийн улсын үзлэгээр тогтоогдсон.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна" гэв. 

Түүнчлэн Евро-5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжиж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг тэглэхэд анхаарч Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг боловсруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл өгөв.