Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

UFO үзэгдэх нь улам нэмэгдсэн тухай АНУ-ын тагнуулын газрын экс захирал ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүд АНУ-ын армийн нисэх онгоцнууд, радарууд, хиймэл дагуулуудад ажиглагдах явдал улам бүр нэмэгдэж байгаа тухай Трампын засаг захиргааны үед тагнуулын газрын захирал асан Жон Рэтклиф ярьжээ.

Тэрбээр өчигдөр Fox News сувагт ярилцлага өгөхдөө “олон нийтэд ил болсноос хамаагүй олон тохиолдол бүртгэгдсэнийг би энд хэлмээр байна. Тэдгээрийн зарим хэсгийг л нууцаас ил гаргасан. Тэдний учир шалтгааныг тайлбарлах аргагүй, хөдөлгөөнийг нь дуурайхад бидний технологийн чадал хүрэхгүй хэмжээнд байдаг. Тэд ямар ч чимээ гаргалгүйгээр дуунаас хурдан нисэж чаддаг” гэж ярьсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаасаа буухаас өмнө зурсан захирамжийн дагуу UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай тайланг Пентагон энэ оны зургаадугаар сарын эхээр нийтэд танилцуулах юм.

Рэтклиф нь найман сарын хугацаанд Трампын засаг захиргаан дахь үндэсний тагнуулын газрын захирлын албыг хашиж байжээ.

“Заримдаа бидэнд манай дайснуудын технологийн хүчин чадал бидний төсөөлж байгаагаас хол илүү хөгжсөн юм биш байгаа гэсэн бодол төрдөг байсан” гэж ярьсан Рэтклиф тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээлэл америкчуудад нээлттэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнө дээрх мэдээллийг нууцаас ил гаргахыг зорьсон ч амжаагүйгээ энэ үеэр ярьжээ.

Жон Рэтклифийн ярьж байгаагаар ийм үзэгдлүүд зөвхөн АНУ-ын агаарын орон зайд бус, дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй ажиглагддаг гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian