Э.Анар: Монголбанк 130-140 орон тоог цомхотгож, 19 алба нэгжтэй байсныг 10 болгоод байна
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр боллоо.
Уг албан тушаалд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нэр дэвшиж буй бөгөөд өнөөдөр Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшиж буй Э.Анараас зээлийн хүүг бууруулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, амины орон сууцтай болоход нь зориулж олгох, инфляцыг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг нь асуусан.
Ингэхэд тэрбээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаадын банк Монголд орж ирэхийг дэмжих, ипотекийн зээлийг байршил болон зээлийн хувь хэмжээтэйгээр ялгаатай тогтоох, цаашлаад Орон сууцжуулалтын банк байгуулан Монголбанкнаас салгах нь зүйтэйг хэлж байв.
Харин зээлийн хүүг бууруулах асуудал нь зах зээлийн зарчмаар явагддаг тул төв банк шууд оролцон зохицуулах боломжгүйг дурдсан. Түүнчлэн гадаадын санхүүгийн үйлчилгээ, төлбөрийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхэд арилжааны банкуудын идэвх оролцоог чухал байгааг онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Төв банкны үнэт цаас хэлбэрээр арилжааны банкуудаас маш их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлээд байна. Бодлогын хүүгээ өндөр болгосонтой л холбоотой. Татан төвлөрүүлсэн хөрөнгөд өгч байгаа хүүгийн төлбөр хаанаас гарч байгаа вэ. Би бол хэвлээд байна уу гэж хардаж байгаа. Хэрэв хэвлэж байгаа бол та нар инфляцаа барих гээд эргээд хөөрөгдөөд байна уу" гэж асуув.
Мөн төв банкны орон тооны асуудлаар тэрбээр ярихдаа "Орон тооны асуудал өнгөрсөн оны сүүлээр нэлээд яригдсан. Төв банк 130-140 орон тоогоо цомхотгож, нийтдээ 567 орон тоотой болоод байна. 19 алба нэгжтэй байсныг 10 болгосон.
Монголбанкны төсөв нь үйл ажиллагааны төсвөөс гадна мөнгөний бодлоготой холбоотой зардлууд гардаг. Ялангуяа төв банкны үнэт цаастай холбоотой зардал нэлээд гардаг" хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






