Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гарын доорх материалаар байшингаа дулаалах “Хялбар шийдэл” эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

“Дулаан шийдэл" төслийн хүрээнд гарын доорх материалаар байшингаа дулаалах уриалга бүхий "Хялбар шийдэл" аяныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсоор эхлүүллээ. Уг аяны зорилго нь хямд өртөгтэй хялбар шийдлүүдээр дамжуулан зорилтот бүлгийн өрхүүдэд хувийн сууцаа дулаалахыг уриалах, дулаалгын ач холбогдлыг иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх юм.

Бид байшингаа дулаална гэхээр хамгийн эхэнд хана, дээврээ дулаалуулъя гэж боддог. Гэсэн хэдий ч хялбархан шийдэх боломжтой цонх, хаалга зэрэг дулаалгыг тоодоггүй орхидог. Гэр хороололд амьдардаг өрхүүд байшингaa сайн дулаалснаар дулаан алдагдал буурч, байшиндаа тав тухтай өвөлжих боломж бүрдэнэ. Мөн өдөрт түлэх нүүрсний хэмжээгээ багасгаснаар эдийн засгийн хэмнэлт бий болгож, яндангаас ялгарах утааг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой юм.

"Хялбар шийдэл" аяныг бид зорилтот хорооддоо амьдарч буй сайн дурын идэвхтнээр дамжуулан зохион байгуулж байгаа бөгөөд хөршдөө мэдээлэл дамжуулах замаар хамгийн багадаа нийт 1500 гаруй өрхөд дулаалгын талаарх ач холбогдлыг таниулан ажиллахыг зорьж байна. Бид дүүрэг тус бүрийн Улаан Загалмайн Дунд шатны хороодын сайн дурын идэвхтнүүдтэй хамтарч ажиллаж байна. Байшин буюу хувийн сууцын хамгийн хялбархан, гарын доорх материалаар дулаалах боломжтой хэсэг нь хаалга, цонх учир байр сууцаа дулаалахаас өмнө эхний ээлжид цонх хаалганы дулаан алдагдлыг багасгах арга хэмжээг аваарай. Хаалга цонхондоо жийргэвч хийх, хоорондын зайг чигжих гэх мэт гарын доорх материал ашиглан дулаан алдагдлыг багасгах боломжтой ба бидний санал болгож буй хялбар шийдлүүдийг хэрэгжүүлснээр дулаан алдагдлыг 8%-аар багасгах боломжтой юм. Мөн санхүүгийн боломждоо тааруулан байшингийнхаа хойд тал, эсвэл булангийн өрөөний гадна ханыг эхэлж дулаалах гэх мэтээр хэсэгчлэн дулаалж болно. Дулаалгыг санхүүгийн болон хүн хүчний байдалдаа тохируулан алхам алхмаар хийж болно.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт, уулзалтуудыг цахимаар зохион байгуулж байна.

“Хялбар шийдэл” аянд хамрагдаж дулаалуулсан айлуудын нэг хэлэхдээ “Зөвхөн хаалга, цонхоо дулаалаад дулаан алдагдал ийм илт багасна гэж мэдсэнгүй. “Хялбар  шийдэл” аянд хамрагдаж гарын доорх материалаар цонх, хаалгаа дулаалж дулааны алдагдлаа багасгасандаа их баярлаж байна” гэв. Харин  “Хялбар шийдэл” аяны сайн дурын идэвхтэн байшингаа өөрөө дулаалж үзсэний дараа түлшний хэрэглээ илт буурсныг анзаарч цаашид аянд хамрагдах айлуудад цонх, хаалгаа дулаалсны дараа зөвхөн хир дулаан болсныг биш хэчнээн түлш хэмнэсэн талаар анзаарахыг сануулна гэж байв.  

Та бүхэн гарын доорх материалаар байшингаа дулаалах аргыг сонирхож байвал ​эндээс гарын авлагыг татаж харин доорх линкнээс бидний бэлтгэсэн видеог үзээрэй.  

Цонхоо дулаалах хялбар арга

Хаалгаа дулаалах хялбар арга

Ханын дулаан алдагдлаа бууруулах хялбар арга

Шалны дулаан алдагдлаа бууруулах хялбар арга

Яндан хоолой дулаалах хялбар арга

Дулаалгын хялбар шийдлүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Дулаалгын Хялбар шийдэл аян” нэртэй Фэйсбүүк группт нэгдээрэй. Харин алхам алхмаар байшиндаа дулаалга хийж, бүрэн дулаалгатай болохыг хүсвэл www.dulaalga.mn вэбсайт эсвэл Дулаан шийдэл төслийн +976-7505200 дугаарт холбогдоорой . 

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Хэрхэн холбогдох вэ:

Та бүхэн “Дулаан шийдэл” төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Жэрэс ОУТББ-ын олон нийттэй харилцах ажилтан И.Одончимэгтэй холбогдоно уу: +976-75052000 www.dulaalga.mn

* * *

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.