RE/MAX MONGOLIA БҮСИЙН 51дэх БРОКЕР ОФФИС “RE/MAX PEAK" МЭНДЭЛЛЭЭ
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани Монголд албан ёсоор нээлтээ хийгээд өдгөө 5 жилийн хугацаа өнгөрчээ. Ингэж Монгол Улс RE/MAX-тай болж улс дотроо франчайз эрх олгох төв оффисыг байгуулсан. Энэ жил дэлхий нийтийн хувьд маш онцлог жил болж байгаатай холбогдуулан АНХНЫ ОНЛАЙН ФРАНЧАЙЗ гэрээнд гарын үсэг зурлаа. RE/MAX-ийн хамгийн сүүлийн оффис болох “RE/MAX PEAK” оффисын брокер эзэмшигч Б.Цацралтай франчайз бизнес, шинэхэн оффисын стратегийн талаар хуучиллаа.
Шинэ онтой хамт эхлүүлсэн шинэ бизнест тань амжилт хүсье. Үл хөдлөхийн салбар, франчайз бизнес таны сонирхлыг яагаад татав?
Би анх агент болохдоо л хэзээ нэгэн цагт өөрийн оффисыг эхлүүлнэ гэсэн бат итгэлтэй байсан. Мэдээж түүний төлөө би өөрийгөө маш их хөгжүүлэх үл хөдлөхийн салбарын талаар хангалттай ойлгох, энэ салбарыг амжилттай авч явах бүхий л зүйлийг судалж, суралцах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Анх агент болж сургалтандаа суухаасаа өмнө 6 сар гаруй хугацаанд дадлагажиж энэ салбарынхаа талаар судлагаа хийсэн байдаг.
Брокер эзэмшигчийн эрхийг Ремакс хэнд олгодог вэ?
РЕМАКСын загварыг ойлгосон өөрийнхөө цагийг 100 хувь энэ бизнестээ зарцуулахад бэлэн, байнга суралцаж өөрийгөө хөгжүүлдэг, хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчиръя гэсэн чин хүсэлтэй, РЕМАКС брэндэд хайртай хүн болгонд нээлттэй байж болно! Гэхдээ миний хувьд энэхүү бизнесээ бүрэн дүүрэн ойлгосоныхоо дараа Брокер эзэмшигч болсон нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Брокер овнер болохыг хүссэн хүмүүсийн тоо маш их олон байдаг хэдий ч төв оффисын зүгээс Брэндийн нэр хүндийг өндөрт өргөж явах найдвартай хүмүүсийн олохын тулд нилээн удаан процесын дагуу брокер овнеруудаа сонгодог
Хувь хүний хөгжлийн талаар асуумаар байна. Учир нь хүссэн хүн бүр захирал, удирдлага болох боломжгүй шүү дээ. Тэгэхээр та хэн бэ гэж асуумаар байна
Хувь хүний хөгжлийн тал дээр маш их анхаардаг. Өнгөрсөн 2020 онд л гэхэд РЕМАКСын, дотоодын зуучлалын байгууллагуудын, мөн Үндэсний Реалторуудын Холбооны дэргэдэх Монголын Үл Хөдлөх Удирдлагын Академийн гадны болон дотоодын бүх сургалтуудад хамрагдсан. Үл Хөдлөх Хөрөнгийн салбарт бид бүгд хамтдаа хөгжих шаардлагатай болдог тул бусад агент реалторуудаа янз бүрийн сургалтанд хамрагдахыг уриалан манлайлагчдийн нэг болсон.
Бизнес бол боломж. Олон боломжийг олж харсан учраас брокер эзэмшигч болохоор зориглов уу? Ремаскийг сонгосон шалтгаан гэвэл?
Үл хөдлөхийн салбарыг анх Америкд байхаасаа эхлэн сонирхдог байсан Америкийн болон дэлхийн үл хөдлөхийн салбарт амжилттай яваа эрхэмүүдийн талаар унших дуртай байсан.
2016 онд миний багын найз О. Сэргэлэн (РЕМАКС ИНФИНИТИ оффисын агент) гэр бүлийн өдөрлөгт очиж улмаар найзынхаа туслахаар 6 сар ажилласны дараа энэ салбарт эргэлт буцалтгүй дурласан даа. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн надад танил тал бараг байхгүй, эргэн тойрны хүмүүс огт дэмжихгүй гэх мэт олон бэрхшээлүүд тулгарч байсан ч бага багаар зогсолтгүй урагшилж, байнга шинийг сурч ажилдаа туршсаар байна. Тэр үед энэ салбарт миний харж байгаа төсөөлж байгаагаас илүү боломжууд байгаа гэдгийг олж харсан. Мэдээж боломжуудад нь богино хугацаанд хүрэх боломжгүй гэдгийг хараад урт хугацааны төлөвлөгөө гаргах шаардлагатай болсон.
Энэ боломжийг ашиглан найз О. Сэргэлэндээ, их зүйлийг зааж сургаж өгсөн Д.Мөнхтүвшин захиралдаа мөн энэ салбарт анх хөл тавьд байхад чиглэл зөвлөгөө өгч байсан Г. Батзаяа, Э.Оюу, Б.Мөнхзул, Б.Мөнхтуяа найзууддаа болон сүүлийн 10 гаран жил үл хөдлөхийн салбарт ажилласан арвин их туршлагаасаа хуваалцаж яаж энэ салбарт ёс зүйтэйгээр удаан ажиллах талаар зөвлөдөг байсан талийгаач Г.Наранхүүдээ баярлаж явдагаа илэрхийлье
Үл хөдлөхийн зуучлал гэхээр дундаас нь ашиг унагах мэтээр иргэд ойлгодог. Танай оффис, таны бизнес хэнд ямар боломжийг эрэлхийлж ажиллах вэ?
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш их мөнгө эргэлдэж байдаг. Далд эдийн засгийг их болгох бодлого манай улсын хувьд хэрэгжиж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж буй эдгээр хөрөнгүүдийг ил гаргах, татварын ил тод тогтолцоо бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна.
Үл хөдлөх хөрөнгийн ченжүүдтэй биднийг андуураад тийм ойлголт гадуур яваад байж магадгүй л юм. Өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал Санхүүгийн зохицуудах хорооноос тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон.
Бид тусгай зөвшөөрөлтэй олон улсын компани учраас хуулийн хүрээнд ажилладаг болохоор харилцагчид маань ч бидэнд өндөр итгэл үзүүлдэгт нь баярладаг шүү !
Үл хөдлөхийн салбарт сайн төлөвлөөд хөрөнгө оруулалт хийвэл богино хугацаанд их мөнгө олох боломжууд байдаг л даа. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд оролцож буй бүх талууд л хожих ёстой гэсэн журмаар ажиллахыг хичээдэг. Үл хөдлөх хөрөнгөө худалдаалж байгаа харилцагч, худалдан авагч, бүх талуудын хооронд зуучилж буй агент бүгд л сэтгэл хангалуун үлдэх ёстой. Хэн нэг нь хохирох ёсгүй.
Цаашид хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, агентуудаа сургах стратеги төлөвлөгөөнөөс цухас дурдаж болох уу? Танай оффис Ремаксийн бусад 50 оффисоос ямар онцлогтой ажиллах вэ?
Үл хөдлөхийн салбар өөрөө цоо шинэхэн салбар, Батгэрэл захирлын хэлсэнчлэн нээгдээгүй тив учраас сурах зүйл маш их. Бид агентуудынхаа хамтаар хийнгээ суралцсаар, суралцангаа хийсээр яваа. Хамт олны тасралтгүй суралцах боломжоор хангахыг хичээдэг. Хүн бүрийн чадвар, итгэл үнэмшил, зорилго харилцан адилгүй ч агент бүрийнхээ амжилтын төлөө чиглэл заавар өгч ажиллахын хичээдэг.Бид барилгын төслүүд дээр нэлээд туршлага хуримтлуулсан болохоор энэ жил төслүүд дээр түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Таны хувьд агентаар багагүй хугацаанд ажилласан юм билээ. Агентууд үл хөдлөхийн зах зээлийг хамгийн сайн мэддэг мэдэрдэг хүмүүс шиг санагддаг. Манай улсын үл хөдлөхийн зах зээлийн хөгжлийн талаар юу хэлэх вэ? Ер нь бид аль түвшинд явна вэ. Ер нь агентаар ажилласан цаг хугацаа, амжилт бүтээлээ эргэн дурсвал?
Би агентынхаа ажилд дэндүү дуртай л даа. Өмнө нь гүйцэтгэх захирлын ажлын санал нилээдгүй ирдэг байсан ч агентынхаа ажлыг хийгээд явах нь илүү байдаг байсан. Агент бид маш их олон мэдээллийн дунд ажилладаг, зах зээлийн талаар хамгийн их мэдрэг байх ёстой хүмүүсийн нэг. Харилцагчдынхаа хувьд хамгийн сайн зөвлөгч нь байх шаардлага гардаг.
Бид өдөрт дунджаар 50-60 дуудлагад хариу өгч зарим тохиолдолд 3,4 өөр харилцагчид 10-15 үл хөдлөхүүд үзүүлэх тохиолд ч бий. Заримдаа харилцагчын хуваарийн дагуу өглөө 5 цагт бүүр үүрээр 2 цагт хүртэл үл хөдлөх танилцуулж байсан. Зарим худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн замгүй замаар Дархан орж үл хөдлөхтэй нь танилцаж үнэлгээ хийж байсан удаатай.
Хөгжлийн хувьд анх РЕМАКСын хамт олонтой нэгдэж байх үеийг бид илүү олон нийтийг танигдаж, харилцагчидаа сургах тал дээр нилээдгүй сайн ажиллаж дэвшил гаргаж чадсан нь ажиглагдаад байгаа. Мэдээж яваандаа хуультай болчихвол бидний ажил илүү л амар болох боломжтой байгаа. Монголын маань агентууд бусад орны агентуудыг бодвол бүх зүйлээ өөрсдөө дангаараа хариуцаад явдаг маш их ажлуудыг амжуулдаг!
Миний хувьд 2019 онд ОНЫ ШИЛДЭГ ПРОДЮСЕР #5д шалгарч мөн ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙН ДҮНТЭЙ АРИЛЖААНЫ ҮЛ ХӨДЛӨХИЙН ГҮЙЛГЭЭНИЙ #3 цомын шагнал хүртэж Дэлхийн РЕМАКСын агентуудын дунд #89 д эрэмблэгдсэн байдаг. 2020 онд амжилтуудаа бататгаж FOBRES PROPERTY AWARDSийн ОНЫ ШИЛДЭГ РЕАЛТОР,Үндэсний Реалторуудын Холбооны дэргэдэх Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн 2020 оны ШИЛДЭГ РЕАЛТОР, Ремакс бүсийн 2020 оны ХАГАС ЖИЛИЙН болон ЖИЛИЙН ТОП ПРОДЮСЕР болж, Ремаксын хамгийн дээд кареер болох Платинум цолд хүрч улмаар Цолтой агентуудын нэгдсэн клубуын ерөнхийлөгч, Үндэсний Реалторуудын Холбооны дэргэдэх Мэргэжлийн стандартын зөвлөлийн дарга гэх мэт ажлуудад томилогдон ажиллаж байгаа. Мөн РЕМАКС Грийн оффисынхоо хамт олныг РЕМАКСын ОНЫ ШИЛДЭГ ТОПЕН оффис болоход нь өөрийн хувь нэмээрээ оруулсан гэж үзэж байгаа
Дэлхийн үл хөдлөхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Ремакс компанид хэн агентаар ажиллах боломжтой вэ?
Үл Хөдлөхийн салбарт уйгагүй байнга өөрийгөө сэтгэл зүйн хувьд өөдрөг байлгах нь чухал байдаг. Хэн нэг нь чиний захирал дарга биш чи өөрөө өөрийнхөө эзэн тусдаа бизнес эрхлэгч болохоор өөрийгөө байнга хөгжүүлж урамшуулж хурцалдаг, өөртөө болон бусдад чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг нэгэн байх шаардлагатай. Миний хувьд ХУВИА ХИЧЭЭСЭН ХҮН энэ салбарт огт тохирохгүй гэж боддог! Тэрнээс биш заавал тийм мэргэжил эзэмшсэн тэдэн настай, царай зүсний хувьд тийм байх шаардлагатай гэсэн болзолууд тавидаггүй. Манай оффисын хувьд 24 настай РЕМАКСын хамгийн залуу Силвер цолтой аль хэдийнээ өөрийгөө ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН салбарын магнат болно гэсэн итгэл дүүрэн мундаг залуу 50 + настай ч гэсэн энэ салбарт болон РЕМАКСын соёлд дурлачихсан хэзээ ч тэтгэвэрт гарахгүйгээр зөвхөн энэ ажлаа насан туршдаа хийнэ гэсэн эгч хүртэл байгаа!
Үл хөдлөхийн агент нь дэлхийн хамгийн стресстэй ажил мэргэжлийг тэргүүлдэг ажил тул тийм зөөлөн талх бишээ. Бүх хүний хувьд орон сууц худалдаж авна, худалдана түрээслэнэ гэх мэт ямар ч үл хөдлөхийн харилцаанд орох нь амьдралых нь чухал шийдвэр байдаг. Энэ шийдвэр гаргалтанд тусална гэдэг хариуцлагатай бөгөөд амаргүй ажил. Цаг үргэлж л этик ёс зүйтэй, мэдрэмжтэй, ухамсартай, мэдээлэлд ойрхон байхыг шаарддаг.
Ремасчууд өрсөлддөггүй, хамтардаг. Танай оффис цаашид хэнтэй хамтрах вэ?
Манай оффисын хувьд орон сууцны төслүүд дээр төвлөрөн ажиллаж байгаа болохоор РЕМАКСын бусад 50 оффисуудтай 50уулантай нь хамтран ажиллахад бэлэн байна. Өнгөрсөн онд ч гэсэн бид Ремасчууд өрсөлддөггүй, хамтардаг зарчмын дагуу ажиллаж хамгийн өндөр хамтарсан гүйлгээний хувьтай гарсан
Та ажил амьдралын балансаа хэрхэн тэнцүүлдэг вэ?
Өдрийн 24 цагийг үр ашигтай өнгөрөөхийн тулд нарийн төлөвлөнө.Хэдий завгүй байсан ч гэр бүлдээ , дуртай зүйлдээ цагаа зарцуулахыг хичээдэг. Хүүхдүүд маань нас нь бага байгаа болохоор тэднийгээ эрхлүүлж хайрлан эрч хүч хамгийн сайхан энерги авдагдаа
Дуртай зүйл буюу хоббиныхоо талаар бидэнтэй хуваалцаач
Бага наснаасаа эхлээд марк тэмдэг гэх мэт зүйлсийг цуглуулах хоббитой болж эхэлсэн. Янз бүрийн зүйл сонирхож, цуглуулж тэдгээрийнхээ талаар судлах нь өдөр дутмын ажилын ачааллаас хөндийрүүлж, алжаалаа тайлахад минь тусалдаг. Мөн олон шинэ хүмүүстэй уулзуулж шинэ мэдрэмжүүдийг бэлэглэдэг. Миний хувьд хүмүүс хамгийн их танигдсан хобби маань пүүзний маань хобби. Сүүлийн 20 гаруй жилийн дотор олон зуун пүүзнүүдийг цуглуулгандаа нэмж хассан байдаг юм. Нэг хэсэг зөвхөн пүүзнүүд дунд л амьдарч байсан үе бий. Одоо ч нилээн даруухан болсон. Хөл хорио тавигдахаар өөрийнхөө хоббитой холбоотой залуучуудад зориулсан нилээн хэдэн танин мэдэхүйн контентууд гаргах бодолтой байгаа.
Аав хүний хувьд хүүхдүүдээ хэрхэн өсгөдөг вэ ?
Том охин 14 настай харьцангуй биеэ даасан ч шилжилтийн насны өөрчлөлтүүд их гарч байгаа учраас тэр бүхнийг нь эерэгээр даван туулахын тулд гэр бүлээрээ хичээж байна.3 настай, 5 настай хүүхдүүдийгээ Эко цэцэрлэгт явуулан сэтгэл амар ажилдаа явдаг байлаа . Одоо хөл хорионы нөхцөл байдалд гэртээ байгаа учраас хамтдаа дуртай киног нь үзэж, зураг зурж, тоглож бусад аавуудын л адилаар амьдралын амттай агшныг мэдэрч байгаа. Бага маань 9 сартай. Бүгдэд эрхэлж, бүгдийг командалдаг манай гэрийн хамгийн том дарга шүүдээ. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг зөвхөн эмэгтэй хүний ээж хүний ажил биш, аав ээжийн тэгш оролцоотой явах ёстой гэж боддог. Эхнэр маань ойрхон дараалж 3 хүүхэд гаргасан, ажлуудаа ч бас давхар хийж өөртөө өндөр ачаалалтай байдаг болохоор миний зүгээс аль болох сайн амраах, гэр орны ажилд туслах , дуртай зүйлсийг нь хийхэд дэмжих, санаа бодлыг нь анхааралтай сонсч сэтгэл санаагаар тайван байлгахыг л хичээдэг дээ.
Төгсгөлд нь 2020 оныг дүгнэж, 2021 оны төлөвлөгөөг зураглавал?
Дэлхий нийтээр амаргүй жил болж өнгөрсөн ч миний хувьд, гэр бүл, хамт олны минь хувьд амжилтаар дүүрэн сайхан жил боллоо. Бид бүл нэмж хамгийн гайхалтай бэлэг болсон 4 дэх хүүгээ өлгийдөн авсан мөн оны сүүлээр өөрийнхөө мөрөөдлийг үргэлжлүүлэхээр шийдээд франчайз гэрээгээ үзэглэчихээд сууж байна. Эдийн засгийн хувьд хэдийгээр хүнд жил байсан ч гэсэн манай оффисын болон бүсийн хэмжээнд борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн жил болсон. 2021 он энэ айхтар өвчин намдаж, эрүүл энх байж, бүх хүмүүс энгийн амьдралдаа эргэн ороосой гэж хамгийн түрүүнд хүсч байна. Шинэ оноо өөдрөгөөр харж маш их олон боломжууд бидний өмнө байгааг мэдэрч байна. Манай багийнхны хувьд ч гэсэн. Зах зээлийн амаргүй байгаа энэ нөхцөлд зориглон хөдөлж, Ремаксын түүхэнд хамгийн анхны онлайнаар 100 хувь хэлцэлээ хийн гэрээгээ зурсан оффис боллоо. Шинэ оны эхний өдрөөс хамт олонтойгоо нэг завинд сууж Оргил өөд тэмүүлсэн гайхалтай аялалд гарч байгаадаа сэтгэл маш өндөр байна. Хүн хүсч мөрөөдөн, сурч хөдөлмөрлөж байхад бүх зүйл санасанаар сайхан бүтнээ гэдэгт итгэж байна.
Төгсгөлд нь үргэлж дэргэд минь байсан хайртай гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олон, надад итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг эрхэм хүндэт харилцагчид, нийт сайтын бүх уншигчиддаа амьдралын өдөр бүр нь инээмсэглэх шалтгаанаар дүүрэн байхыг ерөөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!