Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оноожээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг шүүхээс гэм буруутайд тооцжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай эрэгтэй эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан.

Уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан болон А.Дарьсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4.1 (Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх), 13.5-2.1 (Заналхийлэх) зүйл ангиар холбогдуулан шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд болсон юм.

Хуралдаанаар шүүчдэгч П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданд нэг сая төгрөг, А.Дарьсүрэнд 600 мянган төгрөгийн торгох ял оноожээ.

Эх сурвалжийн хэлснээр, шүүгдэгч А.Дарьсүрэн нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд тэнсэн харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон учир торгох ялаас гадна хоёр жилийн хорих ял оноосон байна.

Эрүүгийн хуульд:

10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх:

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл. Заналхийлэх:

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.