Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

НОК: Арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийг хариу шаардахгүй хотоос гаргана

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдээс коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч, арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хотоос гаргах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл нийтдээ 27,228 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд коронвирус илрээгүй тул бүгд орон нутагтаа зорчих эрхтэй болсон тухай Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлж байсан.

Харин өчигдөр орон нутагт явах хүсэлтэй 16,000 иргэнд хийсэн шинжилгэээний хариу бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан хэдий ч 119.mn сайт гацсантай холбоотойгоор иргэдэд шинжилгээний хариуг нэг бүрчлэн хүргэж чадахгүй байгаа. Тиймээс ЭМЯ-наас арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш шинжилгээ өгсөн иргэдийг авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор асуудалгүй нэвтрүүлж, ачааллыг бууруулахаар холбогдох байгууллагуудад ханджээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүй хотоос гаргах шийдвэр гаргасан байна.

"Ингэхдээ арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгсөн гэх баримтыг үндэслэж товчоодоор нэвтрүүлнэ" хэмээн НОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат хэллээ.

Тодруулбал, тухайн өдрүүдэд коронавирус илрүүлэх шинжилгээ өгсөн ч хариу нь гар утасны дугаарт зурвасаар ирээгүй иргэд 119.mn сайтаас регистрийн дугаараа оруулан шинжилгээ өгсөн буюу "шинжилгээний хариу хүлээгдэж байна" гэсэн бичгийг өөрийн иргэний үнэмлэхтэйгээ шалгуулсаны үндсэн дээр товчоодоор нэвтрэх эрхтэй болох юм.

Хэрвээ шинжилгээнийх нь хариу зурвасаар ирсэн бол түүнийгээ өөрийн иргэний үнэмлэхтэй шалгуулан нэвтрэх аж.

 

ЭМЯ болон НОК-оос гарсан тушаалууд /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/