Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"119.mn сайт ажиллахгүй болсон тул орон нутаг руу зорчих иргэдийн гар утасны дугаараар шинжилгээний хариуг илгээж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өчигдрөөс эхлэн нийслэл хотоос  орон нутаг руу иргэдийг зорчуулах үйл ажиллагаа эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой мэдээллийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. 

"Орон нутагт зорчихоор шинжилгээ өгсөн 27,228 хүнээс коронавирус илрээгүй"

Тэрбээр “Хот, орон нутагт байгаа иргэдийг буцаах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалаар байгуулсан.

Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг 300 гаруй эмнэлгийн эмч ажилчид 20 цэгт PCR шинжилгээний сорьц цуглуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эмч нараас гадна цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 700 гаруй хүн энэ ажиллагаанд оролцож байгаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 27,228 хүний шинжилгээг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хийсэн. Өчигдрийн байдлаар шинжилгээ өгсөн иргэдээс ямар нэг халдвар илрээгүй тул орон нутагтаа зорчих эрхтэй болсон.

Хот хооронд нийтийн тээврээр болон хувийн унаагаар гаргаж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчих иргэдийн тасалбарыг цахимаар захиалуулсан.

Арванхоёрдугаар 1-ний өдөр нийт 14 чиглэлд 74 автобусаар 2,531 иргэнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэжээ. Харин орон нутгийн долоон чиглэлийн автобусаар 204 зорчигч нийслэл рүү тээвэрлэсэн байна. Ингээд нийтдээ 88 автобус 2,735 иргэнийг хот хооронд тээвэрлэн хүргэжээ.

Түүнээс гадна 301 хувийн тээврийн хэрэгслээр 921 зорчигч Улаанбаатараас орон нутаг руу зорчоод байна" гэсэн мэдээлэл өглөө.

"119.mn сайт өчигдөр хаагдсан"

Үргэлжлүүлэн "Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад багагүй хүндрэл үүсэж байгаа. Тухайлбал, бүртгэлийн 119.mn сайтад 116,000 хүн шинжилгээнийхээ хариуг авахаар хандаж байна. Үүнтэй холбоотойгоор сайт гацах, шинжилгээний хариу зөрүүтэй гарах, зорчигчийн мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр энэ сайт өчигдрөөс түр хугацаагаар засварлахаар хаагаад байгаа.

Программ техникийн асуудлыг Интер актив мэдээлэл, технологийн компани хариуцаж хийж буй. Тус компани өөрсдийн алдаанаас болж иргэдэд болон энэ үйл ажиллагаанд оролцож буй олон төрийн албан хаагчид бухимдал үүсгэж байгаа тул иргэдээс уучлал гуйна гэдгээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдсэн.

Энэ сайт ажиллахаа больсон тул иргэдээ хэрхэн хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд үүрэн телефон, мэдээлэл технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг илгээж байхаар шийдвэрлэж, өчигдөр оройноос эхлээд шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариуг мессежээр өгч эхэлсэн.

Иргэд шинжилгээний хариу сөрөг гэж ирсэн мессежээ, иргэний үнэмлэхтэйгээ алба хаагчдад шалгуулж, тулгуулсаны үндсэн дээр товчоодоор нэвтрэх юм.

Ингээд хот хооронд зорчиж гэртээ харьсан хүмүүс 14 хоног өөрийгөө заавал тусгаарлах шаардлагатайг сануулъя" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.