Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүнд өвчтэй, хэвтэрт байдаг иргэд коронавирусийн шинжилгээ өгөх бол 1800-0119 утсаар холбогдож үйлчлүүлэх боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Халдвартай иргэний ойрын хавьтлын хугацааг хэд хоногт илрүүлж байгаа вэ?

А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол илэрснээс хойш 24-48 цагийн дотор хавьтлуудыг олж тусгаарладаг.  Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж шинжилгээ авахад 71 хувьд нь онош нь батлагдсан гэж өмнө нь мэдээлсэн.

Тухайн хүний халдварт өртсөн хугацаа, биеийн онцлогоос шалтгаалж вирус илрэх хугацаа 14 хоног дотроо явагдаж байна.

-Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн тусаад өөрөө дархлаа тогтоно гэж эрдэмтэд үзэж буй. Иймд халдвартай хүмүүсийг заавал бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай юу?

Д.Нарангэрэл: Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Энэ өвчний эсрэг хийх хариу арга хэмжээг зөөвөрлөгдсөн, алаг цоог, кластер, олон нийтийн дунд өргөн хүрээгээр тархсан гэсэн дөрөв ангилж үзэж буй.

Харин одоогийн байдлаар манай улсын зарим аймагт алаг цоог, зарим газар кластер бүртгэгдсэн байна. Ийм үед тохирсон хариу арга хэмжээ бол өвчилсөн бүх хүмүүсээ тусгаарлаж, эмчлэх тактик юм. Магадгүй цааш энэ байдал хүндэрч, дараагийн ангилал руу шилжвэл бид өөр тактик хэрэгжүүлнэ.

А.Амбасэлмаа: Бид халдварын хавьтлыг илрүүлж тусгаарлаж, нийт иргэдийн дунд халдварыг алдахгүйн төлөө ажиллах нь чухал. Тиймээс бид хөнгөн балархай өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, халдвар тархаах эрсдэлээс сэргийлж байгаа.

Халдвараар өвчилсөн хүмүүс биеэс нь вирус ангижирч алга болох хүртэл халдвар тараах эрсдэлтэй.

Хүн амынхаа дунд халдварыг бүр алдаад цар тахал болгосон үед яаж ажиллах талаар төлөвлөгөө бий. Вирусийн халдвараас нийт иргэдийг хамгаалахаар л өнөөдрийн арга хэмжээг хэрэгжүүлж байгааг ойлгох хэрэгтэй.

-Өчигдрөөс эхлэн хэвтэрт байгаа иргэд ч шинжилгээнд хамрагдах боломжтой гэсэн мессеж ирж эхэлсэн. Гэрээсээ гарах боломжгүй байгаа иргэдэд гэрт нь очиж шинжилгээний сорьц авна гэсэн үг үү?

Я.Амаржаргал: Хот хооронд иргэдийг зорчуулахаар болсноос хойш хэвтэрт байгаа эсвэл хүнд өвчтэй гэрээсээ гарах боломжгүй, нялх хүүхдийг цэгүүд дээр авчирч шинжлүүлж байна. Үүнийг иргэдэд хүндрэлгүйгээр зохицуулах үүднээс 1800-0119 дугаараар хандаж, цааш хэнээс тусламж авах боломжтой талаарх мэдээллийг авч болно.

Өөрөөр хэлбэл, орон нутаг руу зорчих хүсэлтэй ч биеийн байдлаас шалтгаалж гарах боломжгүй иргэд дээрх дугаарын утсанд хандаж үйлчлүүлэх боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.