Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Амаржаргал: Орон нутгийн иргэдийг буцаасны дараа оюутнуудыг бүртгэж эхэлнэ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Орон нутгийн оюутнуудыг буцаах ажлыг хэзээнээс зохион байгуулах вэ?

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Зөвхөн Улаанбаатарт оюутны байранд гэхэд 11 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудыг буцаах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдийг буцаасны дараа ерөнхийдөө жигдрээд ирэхээр оюутнуудыг бүртгэж эхэлнэ.

Хэрхэн шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах төлөвлөгөөг гаргачихсан байгаа.

- Коронавируст халдварын хэдэн давалгаа байгаа вэ, энэ талаар тогтсон мэдээлэл гарсан болов уу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавируст халдвартай холбоотой маш олон судалгаа шинжилгээний ажил хийгдэж, олон таамаглал гарч байна. Одоогийн байдлаар эрдэмтдийн тооцоолсноор халдварын дөрвөн давалгаа байж болзошгүй гэж үзэж байгаа. Европын ихэнх орнууд хоёр дахь давалгаа дуусаж байна гэж үзсэн бол Азийн зарим оронд тухайлбал, Японд халдварын гурав дахь давалгаа эхэлж байгааг мэдээлэх болсон. Мөн Хонг Конгт дөрөв дэх давалгаа гарлаа гэх эрдэмтдийн таамаг байна. Манай орны хувьд эхний үе дээрээ явж байгаа гэж хэлье.

Халдварт өвчин оргил үедээ хүрээд маш хурдан хугацаанд буцаад буудаг бол коронавируст халдвар долгио маягтай давалгаалаад байгааг эрдэмтэд олон үетэй байна хэмээн тодорхойлж байгаа.

-Халдвар хүнээс амьтанд халдах тохиолдол гадаадын орнуудад нэлээн хэд гарсан. Манай орны хувьд ийм тохиолдол гарсан уу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дани, Сингапур, Япон зэрэг улсуудад гэрийн тэжээвэр болон фермийн амьтад хүнээс халдвар авсан тохиолдлууд гарсан. Харин эсэргээрээ амьтнаас хүнд халдсан тохиолдол бараг гараагүй.

Манай улсын хувьд мал маань хээрийнх буюу гэрийн тэжээвэр амьтан шиг биш учраас халдварлахгүй байх гэсэн таамаглалыг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид хэлж, энэ чиглэлээр ХХААХҮЯ ажиллаж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231