Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Коронавирусийн эсрэг вакциныг жил бүр хийх шаардлагатай болж магадгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Коронавирусийн эсрэг вакциныг хэрхэн зөөвөрлөж авчрах болоод хадгалалтын горимын талаарх төлөвлөгөө гаргасан байгаа юу?

 -Манай улс Дархлаажуулалтын тухай хуультай. Хуулийн дагуу бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Коронавируст халдварын эсрэг вакциныг авахын тулд бид 2020 оны долдугаар сараас эхлэн холбогдох шатны байгууллагуудад саналаа хэлж, бэлэн байдлаа хангаж байгаа.

Одоогоор коронавирусийн эсрэг вакциныг хадгалах, түгээх, дархлаажуулах гэсэн төлөвлөгөөг гаргаж, дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэн, Шадар сайдаар батлуулахаар УОК-т албан бичгээр хүргүүлээд байна.

Монгол Улс дархлаажуулалтыг товлолын дагуу хийдгээс гадна H1N1 өвчний вакциныг ч ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч хийсэн туршлагатай орон. Энэ туршлага дээрээ үндэслэн бүх төлөвлөгөөгөө бэлдэн ажиллаж байна.

-Вирусийн дархлаа маш богино хугацаатай тогтдог. Иймд цаашид коронавирусийн эсрэг вакцин орж ирвэл жил бүр хийлгэх шаардлага бий болох уу?

-Коронавирус шинэ учраас энэ вирусээр өвдсөн хүмүүст дархлаа хэчнээн хугацаанд тогтож байгаа талаарх судалгааг дэлхийн 20 гаруй орон л хийгээд байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст 3 сараас жилийн хугацаанд дархлаа тогтохоор байсан. Гэхдээ ер нь вирусийн дархлаа тогтох нь харьцахгүй богинохон байдаг. Тухайлбал, томуугийн хувьд, жил бүр өвчлөх хүрээ нь өөр өөр гардаг учраас жил бүр улирлын томуугийн эсрэг вакциныг хийдэг.

Иймд урьдчилсан байдлаар үзэхэд, коронавирусийн эсрэг вакциныг ч жил бүр хийх шаардлагатай болж магадгүй.

-2021 оны төсөвт вакцинд тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан. Тэр дундаа Эрүүл мэндийн сайдын багцад 20 тэрбум төгрөг вакцин төсөвлөсөн гэсэн мэдээлэл байна. Энэ нь коронавирусийн эсрэг вакцинд тусгасан хөрөнгө үү эсвэл бусад товлолт вакцинд тусгасан хөрөнгө үү?

-Эрүүл мэндийн сайдын багцад жил бүр товлолын вакцин худалдан авах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, орон нутагт тээвэрлэх зардал байнга тусгагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, товлолын дархлаажуулалтын хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.