Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин өөрийн эрдэмтдийн бүтээсэн вакциныг хараахан хийлгээгүй байна

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн эрдэмтдийн бүтээсэн Спутник V вакциныг хийлгээгүй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тус улс өнгөрсөн наймдугаар сард дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг бүтээснээ зарлаж, засгийн газар нь албан ёсоор бүртгэсэн юм. Тухайн үед чанарыг нь батлан харуулахын тулд Путиний нэг охин вакцин хийлгэсэн тухай мэдээлж байв.

Тэр үеэс хойш олон мянган сайн дурынхныг хамруулсан Спутник V вакцины сүүлчийн шатны туршилт үргэлжилж буйг төслийг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан мэдээлж байгаа. Үүнээс гадна эмнэлгийн ажилтнууд, багш нар, зарим төрийн албан тушаалтнуудыг вакцинжуулснаа мэдээлсэн юм.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Батлагдаагүй байгаа вакциныг ерөнхийлөгчид хийх ёсгүй. Хүн амыг нийтээр нь вакцинжуулах ажил эхлээгүй байна. Мэдээж төрийн тэргүүнийг сайн дурынхны туршилтад оролцуулах боломжгүй” гэж мэдэгджээ.

Удахгүй туршилт дуусах ба тэр үед ерөнхийлөгч вакцин хийлгэх шаардлагатай эсэхээ шийднэ гэж тэр бас хэлсэн байна.

Өчигдөр Спутник V вакциныг бүтээгч Гамалейн хүрээлэн , санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан туршилтын үр дүнгийн талаар шинэ мэдээлэл гаргажээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр вакцины эхний тунг хийлгэснээс хойш 28 хоногийн дараа, хоёр дахь тунг хийлгэснээс долоо хоногийн дараа хүний биед 91.4 хувийн дархлаа тогтож байгаа гэнэ.

Одоогийн байдлаар 18,794 хүн вакцины туршилтад хамрагдаад байгааг бас мэдээлжээ. Спутник V вакцины нэг тун нь $10 хүрэхгүй үнэтэйгээр гадаад зах зээлд гарах гэнэ. Өрнөдийн ижил түвшний вакцинуудын үнэ ханшаас хамгийн багадаа хоёр дахин хямд байгааг мэдээлжээ.

Харин ОХУ-ын иргэн бүр хоёр тун вакциныг үнэ төлбөргүй хийлгэх гэнэ. Өөр нэг мэдээлэл нь Спутник V вакциныг хадгалах нөхцөл Цельсийн 2-8 хэм тул тээвэрлэхэд тусгай хөргөлтийн өндөр үнэтэй машин техник шаардахгүй ажээ.

Оксфордын их сургуулийн бүтээсэн вакцин үүнтэй ойролцоо хадгалалтын нөхцөлтэй бол Moderna, Pfizer/BioNTech компаниудын вакцин илүү өндөр (Цельсийн -70 орчим) хөргөлт шаардах юм.

 

Эх сурвалж: CNN