Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

2020-2021 хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн бус 8 цэцэрлэг, 5 сургууль шинээр үйл ажиллагаа явуулна

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020-2021 оны хичээлийн жилд шинээр 8 цэцэрлэг, 5 сургууль сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.

Нийслэлийн Боловсролын газрын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сард нийт 39 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 8 цэцэрлэг, 5 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 679, сургуулийн суудлын тоо 1,480-аар нэмэгдэж байна гэж мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн буюу бидний хэлж заншсанаар "хувийн" ерөнхий боловсролын 117 сургууль, 434 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд 31,222 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 37,992 суралцагч суралцаж байна.

Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 26%, суралцагчдын 13 хувийг эзэлж буй үзүүлэлт ажээ.

Энэхүү тоон үзүүлэлт нь төрийн бус өмчийн буюу хувийн сургууль, цэцэрлэгүүдийн боловсролын салбар дахь төрийн ачааллыг хөнгөвчлөхөд тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өчигдөр шинэээр тусгай зөвшөөрөл авч хүмүүст хандан хэлсэн үгэндээ онцолсон зүйл нь сургууль, цэцэрлэг байгуулах үндсэн шаардлагад сургалтын байгууллага нь нийт багш нарын 90-ээс доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байх ёстойг хэлсэн юм.

 

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэж заасан байдаг байна. 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд сургалтын орчин нөхцөлөө “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558:2015 стандартын шаардлагад бүрэн нийцүүлж ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудын хувьд сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэхээс гадна биеийн тамирын заалны асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй талаар Ж.Гантулга мөн онцлон зөвлөжээ.