Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатон-2020” үр дүнг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв" ТББ-аас Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатон-2020” нь хоёр үе шаттай зохион явагдсан бөгөөд эхний шатанд 80 гаруй хүнээс бүрдэх 20 баг оролцсоноос хоёрдугаар шатанд шилдэг таван баг шалгарсан байна.

Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатоны Тэргүүн байр - “Youth Solidarity” баг, Дэд байр - “Mindmovers” баг, Тусгай байрын шагналд “MRCD TIIM”, “Optimizers”, “Эх” баг тус тус тодорчээ. Хакатоны шүүлтийн өдөр баг бүрээс төлөөлөл болж хоёр оролцогч биечлэн ирж, хоёр оролцогч цахимаар оролцон бодлого, шийдлээ шүүгчдэд танилцуулсан нь цар тахлын үеийн онлайн хакатоны онцлог болжээ. Онлайн хакатон нь илүү зохион байгуулалттай, цагаа зөв зарцуулах боломж олгож байгааг багууд онцолсон. Ингээд хакатоны үр дүн болон багуудын яриаг хүргэж байна.

“Youth Solidarity” баг

          Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” бодлогыг баталсан. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудлыг сайжруулах гэж заасан байдаг. Манай баг энэ сайжруулалтад нөлөөлөх процедурын шийдлийн хувилбар санал болгосон. Тодруулбал хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг тодорхойлох боломжгүй учраас хэрэглээнд нь суурилсан даатгалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Хүн болгон худалдан авалт хийдэг. Тиймээс санхүүгийн дарамт үзүүлэх биш хэрэглээнд нь хөнгөлөлт үзүүлэх зарчмаар тодорхой хувийг нийгмийн даатгалын сан руу шилжүүлэх юм. Банк, нийгмийн даатгал, худалдааны байгууллагууд, иргэн гэсэн дөрвөлсөн харилцаа гэсэн үг. Иргэн хөнгөлөлт эдлэхийн тулд дуртай газраа очно. 100 мянгад авах зүйлээ 97 мянгад авахад 2000 төгрөг нь банкаар дамжин НДС-руу орох боломжтой гэж харж байгаа. Хүндээ ч дарамтгүй, төр ч бүх хүнээ даатгалд хамруулах бодлогод нийцнэ мөн оролцогч компаниудад ч сонирхол нь бий. Иргэдийн хувьд ч хэрэглээнээсээ даатгалд хамрагдах боломжтой. Хүсвэл нэмэлтээр мөнгө нэмж даатгалаа төлөх боломж нээлттэй.  

/Зураг дээр дарж томруулж харна уу/

“Mindmovers” баг

          Жилд 31 мянга орчим оюутан төгсөж байгаагаас 20 орчим хувь нь ажилгүй, 30 хувь нь үргэлжлүүлэн сурдаг гэх мэтээр шууд ажлын байранд очдоггүй. Нөгөө талаас ажил олгогчдод хүний нөөцийн асуудал тулгарч байдаг. Хүний нөөцөө заавал сургах, хөгжүүлэхэд цаг зарцуулдаг. Энэ хоёр асуудлыг цогцоор нь шийдэх “Дадлагажигч” хөтөлбөрийн саналыг манай баг гаргасан. Төр, аж ахуйн нэгж байгууллага, их сургуулийн гурван талт харилцааг хөгжүүлэх зорилгоор бодлого боловсруулсан. Олон улсад оюутныг төгсөх үед ажлын байр нь бэлэн байх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манайд гэтэл дадлагажигч оюутныг цай кофе зөөлгөх, бичиг цаас канондуулах зэрэг механик ажил хийлгээд явуулдаг шүү дээ. Энэ асуудлыг шийдэх гол санал бол тус байгууллагууд хэрэгтэй боловсон хүчнээ тодорхойлж, орон тоог зарласнаар хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудад мэдээлэл хүрэх юм. Хамгийн ойрын жишээгээр бол банкууд сургуулиудад очиж, нээлттэй ажлын байрандаа оюутнуудаар анкет бөглүүлж аваад төгсөхөд нь ажлын байр санал болгодог. Үүнийг илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох хөтөлбөр юм.

/Зураг дээр дарж томруулж харна уу/

 “Optimizers” баг

          Их, дээд сургуулиуд бүгд платформтой, багш нар ч лекц, семинараа цахимаар заах туршлага хуримтлуулж байна. Сургуулийнхаа хамгийн сайн багшийн хичээлийг анги танхимын хүрэлцээ, цагаас шалтгаалж үзэж чаддаггүй оюутнуудад онлайн сургалт илүү хүртээмжтэй байх юм. “Цахим оюутан 2+2” хөтөлбөрийг бид нар санал болгож байгаа. Энэ нь хөдөө, орон нутагт амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэйгээс болж суралцаж чадахгүй байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр юм. Эхний хоёр жил байгаа газраасаа хичээлээ цахимаар үзэж, сүүлийн хоёр жил мэргэжлийн хичээлээ биечлэн ирж суралцах хөтөлбөрийг санал болгож байгаа. Ингэснээр оюутнууд боловсролыг хүртээмжтэйгээр эзэмшихээс гадна сайн мэргэжилтэн болох суурь болж чадна гэж үзэж байна. Орлого багатай, тусгай хэрэгцээтэй бүх хүн хамрагдах боломж бий болно. Мөн брайль технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байна. Бид нар нийт 20 мэргэжил сонгож, хөтөлбөртөө тусгасан. Манай санал болгож байгаа хөтөлбөрт бизнес, нийгэм, эрхзүйн чиглэлийн мэргэжлүүд хамгийн тохиромжтой байсан.

/Зураг дээр дарж томруулж харна уу/

“MRCD TIIM” баг

Монгол эмэгтэйчүүдийн төрөлт эрт байдаг. Оюутан байхдаа ч юм уу их сургуулиа төгсөх үедээ төрдөг. Энэ байдлаасаа болоод төгсөөд 2-3 жил ажил хийдэггүй, дараа нь ажилд орох гэхээр ажлын туршлагагүй, нийгмээсээ холдчихсон байдаг. Тиймээс оюутан байх үеэсээ эхлээд хувь хүн болон төр гэсэн /50, 50/ хувиар даатгал төлөх шийдлийг бид санал болгосон. Мөн “Care mom” аппликейшны шийдэл бий. Энд зөвлөгөө, хуулийн хэсэг, орлоготой ээж, ашигтай даалгавар гэсэн дөрвөн үндсэн цэстэй. Зөвлөгөө хэсэгт мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж, эх сурвалжгүй, үнэн худал нь тодорхойгүй мэдээллээс хамгаалах үүрэгтэй. Хуулийн хэсэгт жирэмсэн болон эмэгтэйчүүдтэй холбоотой хуулийн талаарх мэдээллийг хүргэх юм. Аппликэйшны хамгийн гол хэсэг нь орлоготой ээж, ашигтай даалгавар цэс. Ээжүүдийг ажил олгогчтой зөвхөн цахимаар холбож, алсын зайнаас ажиллуулах шийдэл гэсэн үг. Салбар бүрийн мэргэжилтэй ээжүүд байдаг учраас цахимаар хийж болохуйц ажилд зуучилж, гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

/Зураг дээр дарж томруулж харна уу/

 “Эх” баг

Манай баг бэлгийн боловсролын чиглэлээр сэдвээ сонгосон. Бэлгийн боловсрол нөхөн үржихүй, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ цаашлаад ядуурал, хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтэд ямар нөлөө үзүүлж байгааг харуулахыг зорьсон. Бид бэлгийн суурь боловсролыг багаасаа сурснаар олон эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой. Бид бэлгийн боловсролын чиглэлээр инстаграмд sexual.educatio_n хуудсыг ажиллуулж, залууст мэдээлэл хүргэдэг. Хүмүүсийн мэдэхийг хүссэн асуултад сайн дурын эмч нартай хамтарч хариулдаг. Энэ талын мэдлэг хүмүүст маш дутмаг байгааг анзаарч байтал тус хакатон зарлагдсан байгааг хараад оролцохоор шийдсэн. Энэ төрлийн сэдвээр залуусыг идэвхжүүлэн хакатон зохион байгуулж байгаад баяртай байна.  
Манайх багийн “Эх” гэдэг нэрээ нэгдүгээрт ээж, эх гэдэг утгаар, хоёрдугаарт ариун нандинг илэрхийлдэг эх булаг, мөн эх үндэс гэдэг утгаар өгсөн.  

/Зураг дээр дарж томруулж харна уу/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.