Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Hello Kitty брэндийн 92 настай босс ажил үүргээ ач хүүдээ шилжүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд алдартай Hello Kitty брэндийг эзэмшигч Sanrio Co компанийн үүсгэн байгуулагч, 92 настай Шинтаро Цужи долдугаар сарын 1-нд гүйцэтгэх захирлын ажил үүргээ өөрийн ач хүү, 31 настай Томокуни Цужид шилжүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Ингэснээр залуу Цужи нь Японы хөрөнгийн зах зээлийн Topix жагсаалтад бүртгэлтэй компаниудын захирлуудаас хамгийн залуу нь болж байна.

Бас тэрбээр 1974 онд бүтээгдсэн Hello Kitty брэндээс 14 насаар дүү юм.

 
Sanrio Co компанийн шинэ гүйцэтгэх захирал

Японы компаниудад удам залган удирдах явдал түгээмэл байдаг.

Хамгийн том жишээг дурдахад автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн гүйцэтгэх захирал Акио Тоёода нь тус компанийн үүсгэн байгуулагчийн ач хүү юм.

Залуу Цужигийн аав Кунихико Цужи уг нь компанийн удирдлагыг залгамжлах ёстой байсан ч 2013 оны арваннэгдүгээр сард зуурдаар нас барж байжээ.

Залуу захирлыг хүнд хэцүү ажлууд хүлээж байгаа. Өчигдөр Sanrio Co компани өнгөрсөн нэг жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахад ердөө 191 сая иений ($1.7 сая) ашигтай ажилласан нь ил болсон юм.

Энэ нь өмнөх оныхоо ашгаас 95 хувиар бага, өнгөрсөн оны төлөвлөгөөнийхөө ердөө 10 хувьтай тэнцэж байна.

Коронавирусийн цар тахлын улмаас дэлгүүр, зугаа цэнгээний газрууд хаагдсан нь компанийн ашигт нөлөөлсөн гэж удирдлагууд нь тайлбарлажээ.

Төрийн албан хаагч асан Шинтаро Цужи бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зардаг компаниа 1960 онд анх байгуулж байсан юм. Тэрбээр Японы хамгийн өндөр настай гүйцэтгэх захирлуудын нэг ажээ. Түүнээс ахмад ганцхан хүн байдаг нь Life Corp супермаркетын сүлжээний захирал 94 настай Нобуцугу Шимизү юм.

 

Эх сурвалж: Bloomberg