Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантөгс: 5 насанд хүүхдийн анхаарал төвлөрөл хөгжиж эхэлдэг учир суралцахуйд бэлдэх хамгийн тохиромжтой үе байдаг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ жил цэцэрлэгээс сургуульд шилжин орох ёстой 80 мянга гаруй хүүхэд хөл хорионоос шалтгаалан гэртээ байгаа билээ. Тэгвэл 0-5 насанд хүний зан чанар, өөрийгөө илэрхийлэх, дасан зохицох, даван туулах гэх зэргээр амьдралын бүхий л чадваруудын суурь нь тавигдаж, тархины хөгжлийн 85 хувь нь бүрэлддэг тухай судалгааны дүнг боловсрол, хүний хөгжлийн салбарт чухалчлан үздэг. Тиймээс энэхүү онцгой насанд нь хүүхдийн хөгжилд бид хэрхэн хандах, юунд анхаарах мөн сургуульд бэлэн байдал гэж юу болох тухай боловсрол судлалын магистр, Q Kids цэцэрлэгийн эрхлэгч, багш Б.Гантөгстэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

- Сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цэцэрлэг, сургууль түр завсарласан энэ үед ч хүүхдийн боловсролын төлөө завгүй ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Баярлалаа. танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хичээл сургууль завсардаж байгаа ч хүүхдийн насны онцлог гэдэг зүйл биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс өнөөдрийн сэдвийн гол утга учир болох бага насны хүүхдүүд, тэр дундаа 5-6 насныхны онцлогийн тухай асуултаар яриагаа эхлүүлье. Яагаад энэ насыг онцолж байна гэхээр тэд маань цэцэрлэгээс сургууль хэмээх шинэ орчинд намар шилжин орно шүү дээ.

Тэгэлгүй яахав. Энэ бол ахлах ангиа төгсөөд мэргэжил сонгохтой адил маш чухал үе байдаг.  5 нас бол сэтгэл зүйчдийн тодорхойлсноор тааламжтай, тайван бөгөөд суралцахад бэлтгэгдэх гол нас юм. Энэ насанд хүүхдүүд илүү найзалж нөхөрлөж эхэлдэг. Мөн үгийн баялаг нь 5000-аас дээш болж өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх чадамжтай болдог. Түүнчлэн 5 насанд хүүхдийн анхаарал төвлөрөл хөгжиж эхэлдэг учир суралцахуйд бэлдэх хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Анхаарал, хүртэхүй, ажиглаж сурах, судлах, төвлөрөх, ой тогтоолт, зохион бодохуй гэх зэрэг сэтгэхүйн үйл явцууд нь маш хүчтэй хөгжиж байдаг. Яагаад 5-6 насыг бэлтгэл анги гэж байгаа нь ч зүгээр нэг тогтоочихсон зүйл биш шүү дээ. Харамсалтай нь энэ жилийн хувьд сурч боловсрох үед нь хөл хорионы дэглэмтэй байж таараад маш олон хүүхэд 9 сард бэлтгэл дутуу сургууль хэмээх шинэ сорил, алхам руу орох болж байна. Бэлтгэл дутуу гэдэг нь хичээлийн жилийн сүүлийн хагаст хүүхдүүд сургуульд бэлтгэгдэх хамгийн хүнд, чухал чадваруудаа хөтөлбөрийн дагуу цэцэрлэгээс олж авах ёстойгоогоосоо завсардаж байгаатай холбоотой юм. Тиймээс бид чадах бүхнээрээ боловсролын хүртээмжийг хүүхэд бүрд байгаа газар нь хэрхэн хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй.

- Тэгвэл энэ чухал насандаа хүүхдүүд ямар чадваруудад суралцах ёстой юм бэ? Сургуульд бэлэн байдал гэж юуг хэлж байгаа талаар дэлгэрүүлбэл?

2012 онд орон даяар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс сургуульд бэлтгэгдсэн байдлын үзүүлэлтийн талаар судалгаа авахад 40 хувьд нь хөгжлийн шалгуур хангаагүй гэж гарсан юм. Энэ үед сэтгэл судлалын ухааны доктор н.Санжжав гуай “ хүүхэд зурж, уншиж, бичихээс илүүтэй сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэх хэрэгтэй хэмээн судалгааг дүгнэн хэлсэн байдаг. Ерөнхийдөө хүүхэд тоо, үсэг сурчихаад сургуульд орох нь амжилттай сурахын баталгаа биш. Сэтгэл зүйн чадвар нь үүнийг тодорхойлдог гэсэн үг юм. Тиймээс хүүхдийг академик чадвараас гадна сэтгэлзүй, бие бялдар, суралцахуйд дурлахуйн хувьд бэлтгэх хэрэгтэй юм. Ингэснээрээ цаашдаа хүүхэд шантрахгүйгээр, заавал бусдаар үглүүлж хүчлүүлэхгүйгээр амжилттай суралцах боломж бүрддэг.  

- Хэдий харамсалтай ч бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгт хамрагдсан болоод хамрагдаагүй хүүхдийн ялгаа сургуульд ороод хэрхэн гардаг юм бэ?

Үүнийг багш нар бараг бүгд хэлдэг л дээ. Цэцэрлэгт явж сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүдүүд багштайгаа чөлөөтэй харилцахаас гадна бусадтай амархан нөхөрлөж, орчиндоо дасан зохицдог. Харин гэрт байсан, эмээ өвөөтэйгөө өссөн хүүхдүүдийн хувьд зөөлөн сэтгэлтэй, аядуу байх боловч нээлттэй байдлын хувьд бусад хүүхдүүдээсээ хоцрох хандлага ажиглагддаг. Олон хүүхэдтэй нийгэмшиж суралцаагүй учир нийгэм, сэтгэлзүйн хөгжил дутмаг байх магадлалтай болж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ мэдээж бид бүгд ийм байна гээд хэлчихвэл өрөөсгөл юм.

- Тэгэхээр анхнаасаа нийгмийн чадвар дутахаар бусадтай харилцах, аливаа зүйлийг хүлээн авах гэх зэргээр хөгжил хоцордог гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яахад. Наад зах нь өөрт тулгарсан асуудлаа хэлж ойлгуулж чадахгүй бол бүх зүйл л хойш татагдана шүү дээ. Чадахгүй байна гэж хэлэх зориггүй байна гэдэг чинь цаашдаа хоцрох эхлэл. Харин хоцорсон хүүхэд тухайн зүйлдээ дургүй болж эхэлнэ. Хүн ер нь чадахгүй байгаа зүйлдээ дургүй байдаг шүү дээ.  Гэтэл нээлттэй харилцаатай хүүхдүүд чадахгүй байсан ч түүнийгээ асуугаад шийдээд явчихдаг.

- Q Kids цэцэрлэгийн хувьд онлайнаар сургалтаа явуулж байгаа гэж дуулсан. Онлайн сургалтын туршлага манай улсын хувьд тийм ч түгээмэл биш. Тэр тусмаа 2-5 насны тэр бяцхан хүүхдүүд дэлгэцийн цаанаас сурна гэхээр сайн төсөөлөгдөхгүй л байна. Энэ тал дээр ямар үр дүн, туршлага байгаагаа ярихгүй юу? 

Та түрүүн асуултдаа хэлж байсан шүү дээ. “Хөл хорио үргэлжилж байгаа ч хүүхдийн насны онцлог гэдэг зүйл биднийг хүлээхгүй” гэж. Тэгэхээр энэ цаг хугацаанд нь аль болох хөгжил боловсролыг нь завсардуулахгүй байхын төлөө бид цаг үедээ тохирсон алхам хийх хэрэгтэй. Тиймээс багш нар маань онлайнаар хичээлээ орж эхэлсэн. Магадгүй энэ аав ээжийн оролцооны тал дээр давуу талыг бий болгож байна. Аав нь охиныхоо үсийг хурдхан боочхоод гүйж ирэн дэлгэцийн урд хамт сууж байх жишээний.

Саяхан бэлтгэл ангийнхаа хичээлийг хянаад сууж байтал нэг хүүхэд маань хичээлийн цаг нь болохоос 20 минутын өмнө багш руугаа залгаад ороод ирсэн. Тэгээд багш нь арай болоогүй байна аа. Энэ ангийн хичээл дуусаад багш нь холбогдоно гэж хэлтэл, “багш аа битгий таслаарай, би цуг ороод сонсоод сууж байя” гэж байгаа байхгүй юу. Энэ хүүхдүүд технологитой чөлөөтэй харьцдаг, сурах арга барил нь өөр болоод байна шүү дээ. Анх мэдээж хүүхдүүд маань чадах болов уу? гэж эмээж байсан. Гэтэл энэ бол ерөөсөө дижитал ертөнцийг хүлээж авах чадвартай үеийнхэн юм байна гэдгийг маш сайн ойлгож авч байна. 2011 оноос хойш Альфа үеийнхэн эхэлсэн шүү дээ. Яг энэ үе үеэрээ, он оноороо хүүхдийн хөгжил өөр байна. Ямар ч асуудалгүй 2 программын тусламжтайгаар холбогдоод, хичээл даалгавраа харуулаад, цаг нь болохоор баяртай багшаа гээд гараад явчихаж байна. Тэгэхээр заавал энэ хөл хорио гэлтгүй бид хэзээ ч, хаанаас ч хөгжих боломжийг нь олгосон арга барил руу давхар орох хэрэгтэй.

- Та түрүүн бид хүүхэд бүхэнд байгаа газар нь хүрч очих хэрэгтэй байна гэсэн шүү дээ. Энэ тал дээр танай цэцэрлэгийн хувьд мэдээж энэхүү алхмыг хийсэн гэж харж байна.  

Тэгэлгүй яахав. Манай бэлтгэл бүлэгт 50 орчим хүүхэд сурдаг л даа. Тиймээс тэдгээр хүүхдүүд маань сургуульд хэрхэн бэлэн байх билээ гэж бодсоны үндсэн дээр онлайн хичээлээс гадна сургуульд бэлтгэх багцыг бид эхлүүлсэн юм. Энэ нь хүүхдийн насны онцлогт тохирсон агуулга бүхий хөтөлбөрийн дагуу эмх цэгцтэйгээр гэртээ сурах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Багц дотроо видео хичээл, дасгал ажлын ном, каартууд зурах будах хэрэгсэл гээд хэрэглэгдэхүүн бүрийг нь багтаасан байх жишээний. Гэтэл сургуульд бэлэн байх гэдэг нь зөвхөн манай цэцэрлэгийн 50-н хүүхдийн биш Монгол улсын 80 мянга гаруй хүүхдийн асуудал болоод байна шүү дээ. Тиймээс бид тэдгээр хүүхдүүдэд ч мөн хөтөлбөр маань хүрээсэй. Гэр гэрээсээ хоцролгүй суралцаасай гэж хүссэн учир хүртээмжийн хувьд нээлттэйгээр сургуульд бэлтгэх хөтөлбөрийн багцыг түгээхээр шийдсэн юм.  

- Энэхүү хөтөлбөрөөр хүүхэд ямар ямар чадварт суралцах талаар дэлгэрүүлбэл?

Ер нь бол гол зорилго нь хүүхдийг суралцах хүсэл эрмэлзэлтэй болгоход чиглэсэн. Хүүхэд өөрөө бүтээлчээр сэтгэж суралцах нь чухал. Учир нь хүүхдүүд маань хүний даалгасныг л гүйцэтгэдэг, бусдаас үргэлж хамааралтай нэгэн байхаас илүүтэйгээр юу хийхээ, яахаа мэддэг хувь хүн болоосой гэж бид бүгд л хүснэ шүү дээ. Тиймээс өөрөө сонголтоо зөв хийж чаддаг байх, ямар нэгэн саад бэрхшээл тулгарах юм бол айж бэргэхийн оронд айдсаа даван туулах, судлан шинжилж туршин үзээд асуудлаа шийдэж чаддаг байхад нь хөтөлбөр маань чиглэсэн юм. Дотроо  хэл яриа, математик, дүрслэх урлаг, нийгэмшихүй буюу EQ чадвар гэсэн 4 хэсгээс бүрдэж байгаа. Ингээд харахаар бүгд академик чадварууд юм шиг харагдаж байгаа боловч хөтөлбөрт багтсан даалгавруудыг хийх явцдаа хүүхдүүд асуудлаа шийдвэрлэхэд суралцах бөгөөд сургуулийн талаар эерэг төсөөлөлтэй болох.

 

- Хөтөлбөр ер нь ямар байх ёстой юм бэ? хүүхдүүдээ маш их шахаж олон зүйлд хамруулах хүсэлтэй хүмүүс байдаг болохоор ингэж асууж байгаа юм л даа. Хүүхэд мөн  хэрхэн суралцдаг юм бэ?

Хөтөлбөр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, хэт хүнд агуулгагүй, анхаарал татахуйц байх нь чухал. Ер нь хүндрүүлээд эхлэх юм бол хүүхэд сонирхохоо байчихдаг. Жишээ нь: үсэг үзэхээс өмнө яагаад хэлэхэд, бичихэд бэлдээд дасгалууд хийлгээд байна гэхээр хүүхдийн хэл ярианы бөгөөд гарын жижиг булчингууд гүйцэд хөгжөөгүй байдаг. Хэл ярианы хөгжил сонсож сурахаас эхэлдэг. Сонсох чадвар нь түүнийг зааж байгаа багш болон эцэг эхчүүд өөрсдөө хэлээ зажилж ярихгүй байхаас эхэлнэ. То вангийн сургааль дээр гардаг шүү дээ. “Дуу гаргаж чадмагц эрхлэх дууг бүү гарга”гэж. Гэтэл эцэг эхчүүд “Ээ наачийн миний доохон үл нь, хаачийн” гээд байдаг. Гэтэл энэ яриа чинь хүүхдэд харандаа гэдгийг халандаа багшаа гэхийг багсаа гэх зэргээр хүнд авиануудыг хэлж чадахаа болиход хүргэдэг. Мөн хүүхдүүддээ машиндсан мах, зажлахгүйгээр залгих буталсан хоол хүнс их өгч, сосог байнга хөхүүлж байна. Эдгээр нь хэл, тагнай, уруулын булчингууд дутуу хөгжих шалтгаан болж, хэлэхэд төвөгтэй хүнд авиануудыг хэлж чадахгүйд хүргэдэг. Үүнийг өгүүлэх эрхтний дасгалаар цэцэрлэгт зассан байх ёстой. Халандаа гээд хэлээд эхэлчихсэн хүүхэд сургуульд ороод Р үсэг заахад хэлж чадахгүй ичих, өөртөө итгэлгүй болох, цаашлаад цээж бичиг бичихдээ дуудлагаараа алдаатай бичээд эхэлдэг.

Бичихэд бэлтгэх нь шууд үсэг зурахаас эхэлчихгүй. Зарим хүмүүс манай хүүхэд үсгээ бичээд эхэлчихсэн юм чинь сургуульд мундаг сурна гэж боддог. Гэтэл 6 настай хүүхдийн гарын жижиг булчин бүрэн хөгжиж амжаагүй байдаг. Үүнийг бэлтгэл ангид энгийн зурлага зуруулах, жижиг детальтай зүйлийг будуулах, шүр хэлхүүлэх, товч товчлуулах, үдээс үдүүлэх зэргээр хөгжүүлж байдаг. Хүүхдийг нэг удаад 3 мөрөөс хэтрүүлэхгүй бичүүлэх хэрэгтэй. Бидний дунд хуруу хажуудаа томбойчихсон байдаг даа. Энэ чинь жижиг булчин бүрэн хөгжөөгүй байхад маань чадвараас давуулаад бичүүлээд байсан гэсэн үг шүү дээ. Хүүхдийн гар ядраад байна гэдэг чинь булчинг нь хөгжүүлэх дасгалыг мөн дутуу хийлгэсэнтэй холбоотой. Тэгэхээр цэцэрлэгт 3 мөр бичээд амардаг байсан бол сургуульд 6 мөр гэх зэргээр аажмаар нэмэх хэрэгтэй.  Ер нь боловсрол гэдэг чинь сав дүүргэх биш. Гол нь тэр хүүхдэд суралцах, өсөх сэтгэлгээг бий болгохдоо ач холбогдол нь байдаг шүү дээ.

- Сургуульд ороод хүүхдүүд эхний өдрүүдэд уйлдаг тухай мэдээг бид бараг 9 сарын нэгэн болгонд зурагтаар үздэг шүү дээ. Энэ нь сургуульд бэлтгэл дутуу орсон гэсэг үг мөн үү?  

Бага насны хүүхдийн хямрал гэж байдаг л даа. 6-7 насанд яг сургуульд орохтой холбоотойгоор дандаа сэтгэлзүйтэй холбоотой хямрал буюу айдсууд байдаг. Найзууд байхгүй бол яана, бие засна гэвэл энэ багш зөвшөөрөх болов уу? Би сурч чадахгүй бол яана аа гэх мэтчилэнгээр айдас үүсдэг. Тэгэхээр уйлж байгаа хүүхдүүд бол сэтгэл зүйн хувьд бас дутуу л бэлдсэн байна гэсэн үг.

- Эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдааг нэрлээ ч гэвэл та юу гэх вэ?  Мөн тэдэнд хандан өөрийн зүгээс бяцхан зөвлөгөө өгөөд хоёулаа яриагаа өндөрлөе.

Хүүхдээ сонсолгүй өмнүүр нь их орж сэтгээд, өмнөөс нь бодоод, өмнөөс нь шийдвэр гаргаад байдаг тал ажиглагддаг. Эцэг эх өөрсдөдөө таалагдсан хувцас, сургууль гээд сонгодог. Математикийн гүнзгий сургуульд урлагийн өгөгдөлтэй хүүхдийг оруулаад шахаад байвал юу болох билээ? Суралцахуйд дургүй болохоос гадна ээж тэгсэн юм чинь ингэх л ёстой гэх зэргээр хүний үгээр явах хандлагатай болно шүү дээ. Мөн сургуульд орохоор нь маш их ачааллыг өгдөг. Гэтэл сурах үйл явцад сэтгэл зүйн бэлтгэгдсэн байдал байхгүй бол хүүхэд залхах, хичээлд дургүй болох нөхцөл үүсдэг. За тэгээд эцэг эхчүүдэд хандаад хүлээцтэй байгаарай л гэж хэлнэ дээ. 5 насанд олж авсан суурь 50 60-н насны бие хүнийг тодорхойлно шүү дээ. Тэгэхээр хурдан гутлаа үд гэж цухалдалгүй хүлээ. Хүүхэд өөрөө өөрийнхөө хурдад тааруулаад тэр зүйлийг хийж дуусах нь л чухал. Таны өнөөдрийн хүлээсэн 5-н минут тав арван жилийн дараа хүүхэд таныг зовоохгүй биеэ аваад явах чадвартай болсноор хариу нь эргээд жаргал болоод ирнэ шүү дээ.

- Маш сайхан хэллээ. Нээрээ л тэгнэ байх гэж бодож байна.  Танд баярлалаа.

 

Д.Чанцал

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.