Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүндий: Ерөнхий сайд залилан хийхээ зогсоо

ikon.mn
2020 оны 4 сарын 10
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

Монгол улсын Засгийн газар Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байгаа. Үүнээс улбаалж эдийн засагт гарч байгаа сөрөг үр дагаврыг арилгаж, ард нийтийн амжиргааны хэмийг алдагдуулахгүйн тулд Засгийн газрын яаралтай авах 7 арга хэмжээг Ерөнхий сайд танилцуулсан. Тэдгээрээс иргэн бүрт хүрэх хамгийн чухал ажил нь албан байгууллагуудыг Нийгмийн даатгалын шимтгэлээс 6 сар чөлөөлөх, хувь хүмүүсийг орлогын албан татвараас 6 сараар чөлөөлөх арга хэмжээ юм. Ерөнхий сайдын хэлсэнчлэн Дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх энэ шийдвэр одоогоор албажаагүй байна. Учир нь үүнийг Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй, УИХ-ын эрхийн асуудал юм. Хэрэгжиж эхэлсэн ч энэ нь нийт ажил олгогч, ажилтнуудад биш Ерөнхий сайдын хэлсэнээр зөвхөн үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдэд хамаатай юм. Өөрөөр хэлбэл энэ нь одоогоор хөл хорионд орж хаалгаа бариад байгаа үйлчилгээний газруудад л хамаатай шийдвэр болж таарч байгаа юм. Учир нь төрийн албад болон томоохон үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа нь “доголдоогүй” гэдэг нэрийдлээр Засгийн газрын энэ шийдвэрийн гадна үлдэж байна. Товчхондоо төрийн албан хаагчид болон найдвартай татвар төлөгч компаниудын ажилтнууд Засгийн газрын шийдвэрээр цалин дээр нь дэмжлэг болж ирэх 20 хувийн нэмэгдлийг авч чадахгүй байдалд орох юм.

Энэ талаар эдийн засагчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг “Нэткапитал” санхүүгийн корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий өөрийн цахим хуудсаараа дамжуулан доорх шүүмжлэлийг хэлжээ.

“Коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ хүрээнд Монголын төр ард түмнээ хоёр удаа залиллаа. Нэгд, та бүхэн санаж байгаа, Монгол банкны ерөнхийлөгч нь Сангийн сайдтайгаа гарч ирээд зээлийн төлбөрөөс чөлөөлнө гээд яасан гоё юм ярилаа. Тэгэнгүүт нь итгэсэн хүмүүс банкууд дээр очоод юу боллоо. Тэдний шийдвэр биелээгүй. Хүмүүс хий горьдоод л хоцорсон. Сүүлд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гарч ирээд 7 арга хэмжээ авлаа гэсэн. Эдийн засагт 5,1 их наяд төгрөгийг бэлэн, бэлэн бусаар нийлүүлэх асуудал. Бид нар чинь бүгдээрээ баярлаад үнэхээр эдийн засгаа дэмжих нь гэж бодтол харамсалтай нь бас л худлаа байж. Нийгмийн даатгал, цалингийн орлогоос авах татварыг хөнгөлнө гэсэн нь юу ч болоод дуусч байгаа юм бүү мэд. Нэгдүгээрт, тэр хөнгөлөлтөөсөө төрийн албан хаагчдыг хасаад хаячихлаа. Төрийн албан хаагч нь одоо хүн биш юм уу хаашаа юм. Дээр нь дахиад энэ төсөвтэй холбоотой ажил үйлчилгээ явуулдаг, томоохон үндэсний үйлдвэрлэгч, компаниудын ажилчдийг бас хасаад хаячихлаа. Засгийн газар яагаад ажил хийж байгаа хүмүүсээрээ чулуу хөөлгөөд байгаа юм? Сонгуульд ялахын тулд Ерөнхий сайд нь залилан хийдэг боллоо. Монгол улсын Засгийн газар нэг сарын зайтай хоёр удаа залилан хийлээ. Хуурлаа. Ерөнхий сайд энэ залилангаа зогсоо. Тайлбар хий!”