“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон билээ. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ. Хаана байгаа нь тодорхойгүй хүнийг олохын тулд тухайн хүний мэдээллийг Интерполын цахим хуудасны цэнхэр буланд оруулдаг. Энэ дагуу түүний байршлыг тогтоолгохоор Интерполын цахим хуудасны цэнхэр буланд мэдээллийг нь оруулсан байна.
Х.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийг эргэн сануулбал, түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж.
“Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэхдээ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн байна. Үүний дараа Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг.
Эдгээр ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тайлбар, мэдүүлгийг Х.Бат-Эрдэнээс авах шаардлагатай болсон тул ийнхүү хуулийн байгууллага Интерполд хандсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!