Тайландын цагдаа нар хийдийн хөрөнгөөс $3 саяыг хувьдаа завшсан хэргээр Буддын шашны ламтныг баривчлав
Тайландын цагдаа нар хийдээсээ 100 сая бат ($3 сая) хувьдаа завшсан хэрэгт сэжиглэгдсэн Буддын шашны ламтныг дотно харилцаатай хамсаатан эмэгтэйнх нь хамт Баасан гарагт баривчилжээ.
Эртний нийслэл Аюуттаяа хотын 14 дүгээр зууны үеийн алдарт “Ват Путтайсаван” хийдийн тэргүүн лам Пхра Вачираян Ви нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 гаруй удаагийн үйлдлээр сүсэгтнүүдийн хандивын мөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна.
Тайландын Буддын шашны лам нар гэр бүл, бэлгийн харилцаанд орохгүй байх ам тангараг өргөж, эд хөрөнгөөс татгалздаг уламжлалтай.
Тиймээс ламтныг баривчлагдсаны дараа сахилаас нь чөлөөлжээ. Жил гаруйн өмнө бас нэг өндөр мяндагтай ламтай холбоотой эд хөрөнгө, садар самууны хэрэг ил болж, Тайландын нийгмийг цочроож байсан юм.
Сая баривчлагдсан 66 настай ламтан сүсэгтнүүдэд зориулсан зоосон сахиус урладгаараа алдартай нэгэн байжээ. Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракулд хүртэл түүний бүтээсэн зарим сахиус хадгалагддаг гэнэ.
Цагдаа нар Пхра Вачираян ламын хийдийнхээ нэрийг ашиглан орлого олдог мөнгөний хоёр эх үүсвэрийг илрүүлснээ Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Эдгээрийн нэг нь хийдийн засварын хандив, нөгөө нь сахиус болон бусад шүтээнүүдийн төлбөр байсан байна.
“Эдгээр хоёр эх үүсвэрээс орж ирсэн мөнгөний аль нь ч хийдийн дансанд ороогүй байна. Ганц ч бат ороогүй” гэж мөрдөн байцаагч Паттаннасак Буппхасуван сэтгүүлчдэд мэдээлжээ.
Пүрэв гарагт цагдаа нар ламтны гэрт нэгжлэг явуулаад нийт 100 гаруй сая батын дүнтэй бэлэн мөнгө, алтан гулдмай илрүүлсэн байна. Цагдаа нар олсон мөнгөө шөнө дунд хүртэл тоолсныг Тайландын The Nation сонин мэдээлжээ.
Мөн ламтны гэрийн хяналтын камерын бичлэгийг шалгахад түүний нэгэн эмэгтэйтэй хоолны ширээн дээрээ бэлгийн харилцаанд орж буйг харуулсан дүрс олдсон байна.
Мөрдөгчид энэ эмэгтэй нь 47 настай Пуняави Рунгруеанг гэгч болохыг тогтоож, төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагаанд хамсаатнаар оролцсон үндэслэлээр баривчилжээ.
Тайландад өндөр мяндагтай лам нар засгийн газраас тэтгэмж авдаг тул төрийн албан хаагчид тооцогддог.
Цагдаа нар хамсаатан эмэгтэйн гэрээс нийт 6.04 сая батын үнэ бүхий 35 ширхэг алтан сахиус, 1.5 кг орчим алтан гулдмай зэрэг үнэт эдлэлүүдийг илрүүлжээ.
Уг эмэгтэй нь ламтны завшсан эд хөрөнгийг захиран зарцуулахад тусалдаг байсан гэж үзэж байна. Түүний банкны дансаар жил бүр олон арван сая бат эргэлдэж байсныг батлах баримт илэрсэн гэнэ.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр ламтны ёс зүйгүй үйлдлийн талаар нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу долдугаар сарын дундаас хойш уг хэргийг шалгаж эхэлсэн юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
